УИХ-ын гишүүн Ч.Анар Япон Улсын Мэйжи их сургуулийн профессор, кибер аюулгүй байдлын эрх зүйн судлаач Юаса Харумичитай кибер аюулгүй байдлын олон улсын нөхцөл байдал, Япон Улсын бодлого, зохицуулалтын онцлог, институтийн зохион байгуулалтын талаар санал солилцлоо.
Профессор Юаса Харумичи тус улс технологийн шинэчлэлд болгоомжтой, консерватив байдлаар хандан, төрийн байгууллагуудын дотоод зохицуулалт, бодлогын ялгаатай байр суурь нь шийдвэр гаргалтад тодорхой нөлөө үзүүлдэг болохыг онцлов. Мөн Монгол Улс хүн ам цөөтэй, кибер аюулгүй байдлын хамгаалалт сул байгаа нь кибер халдлага, шинэ төрлийн нөлөөллийн туршилтад өртөж болзошгүй талаар тэмдэглэн хэллээ.
Уулзалтын үеэр талууд манай улсын кибер аюулгүй байдлын салбарын хүний нөөц, бодлого, эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд судалгаа хийх, туршлага судлах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )