“Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга, 109 автомашины далд зогсоолтой хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар танилцаж, иргэдэд мэдээлэл өглөө.

 

 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Урт цагааны далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа. Далд зогсоолд 109 машин байрлах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээллэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Цаашид хотын төвд далд зогсоолуудыг шийднэ. Барилгачдын талбайд далд зогсоол байгуулах ажлыг судалж байна. Зогсоолоосоо шууд үйлчилгээний төв рүүгээ лифтээр гарна. Урт цагааны гудамж анхнаасаа жуулчдад зориулагдсан. Миний харуулж байгаа гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулна. Дээд давхартаа террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулвал тохиромжтой. Ингэхдээ архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ. Давхар болгонд ариун цэврийн өрөөтэй. Тусгайт хэрэгцээнд иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг мөн шийдсэн.

Удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загварууд гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсэлнэ. Энэхүү барилга болон далд зогсоолыг цаг тухайд нь хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн барилгын компанид талархал илэрхийлье. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажилласан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа. Аливаа ажил эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг ч ингээд үр дүнд хүрч байна. Хамгийн чухал нь Урт цагааны үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top