
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ -ын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийлээ.
Нэгдсэн уулзалтыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ засгийн газраас баримталж буй иргэн төвтэй бодлого, иргэндээ ээлтэй төр- нээлттэй засаг байх зарчим орон нутгийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Тиймээс өнөөдрийн нэгдсэн уулзалт бол төр түмнийхээ төлөө нэг баг болон зүтгэхээ ард түмнийхээ өмнө хамтдаа нотлож буй хэрэг гэдгийг онцоллоо.
Сайд С.Бямбацогт, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорьсон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, улс гэрээ цэгцлэх газрын зургаа зураад байна. Иргэн төвтэй төр гэсэн зарчмыг тугаа болгон бодитой шийдэл-дорвитой үр дүн гаргаж ажиллахыг эрмэлзэж байна.
Үүний тулд,
Эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгоно.
Иргэдийн газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, хязгаар нутгийнхаа эзэн болсон малчдадаа 1-ээс 5 га хүртэл газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болгох гарцыг нээнэ.
Төрийн албаны хуулийг шинэчилж, төрийн албан хаагчдынхаа хариуцлага бүтээмж, халамж, хамгааллыг хамтад нь нэмэгдүүлнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийг хулгай луйвар, эзэнгүйдлээс ангид байлгах төрийн өмчийн хувьсгалыг бодитоор эхлүүлнэ.
Ашигт малтмалын өгөөжийг ард иргэдээрээ тэгш хүртэх Үндсэн хуулийн зарчмыг амилуулж, баялгийн сангаа арвижуулна.
Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, нутаг усаа хөгжүүлэх бодлогод тээг болж байсан чөдөр тушааг тайлна.
Монгол Улс Улаанбаатар гэсэн таталцлын ганц төвтэй бус харин хүн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хөгжлийн олон татах хүчтэй байх, аймаг, бүс бүр өөрийн онцлог давуу талдаа түшиглэн хөгжих замыг засгийн газар тавьж байгаа гэдгийг дуулгалаа.
2026 онд улс гэрийнхээ хөгжилд бодит үр дүн гарган иргэддээ шинэ итгэл төрүүлж,эх орон, нутаг усныхаа хөгжилд эрс шинэтгэл авчрахад аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг энд онцлон тэмдэглэв.



Сэтгэгдэл ( 0 )