
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан ирэх морь жилд 1946 оны нохой жилд төрсөн ахмадууд хоёр удаа золгох тухай:
Насны, суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг бий. Ирж буй Морь жилд нохой жилтэй хүмүүст ясан махбодын гүймиг таарч байгаа тул гүймиг засал хийлгэхийг онцгойлон зөвлөдөг.
Тэр дундаа 1946 оны нохой жилтэй, хий насаар 81 хүрч буй эр, эм хүмүүнд гүймигийн засал зайлшгүй чухал хэмээн үздэг. Энэ нь амь нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, саад харш, хорлолыг арилгах гүн утгатай зан үйл билээ.
Амь насны хорлол, харш саадыг засахын тулд Цэвэгмэдийн чого, Манал бурхан, Дарь эхийн чивүл хэмээх судар номыг уншуулж, бие сэтгэлийн амар амгалан, заяа буян, насны хийморийг тэтгэн арвижуулдаг.
Түүнчлэн ирж буй гал морь жилийн Цагаан сараар хоёр золгон, хатуу цээрийг домнож, “82 насыг даван гарлаа” хэмээн бэлгэшээн ерөөдөг уламжлалтай. Энэ нь тухайн хүнийг насны давааг давж, буян заяа нь батжин, цаашдын амьдрал нь элбэг дэлбэг, амар тайван үргэлжлэхийн ерөөл билээ.
Мөн суудлын гүймиг гэдэг нь эрэгтэй хүн галд, эмэгтэй хүн усан суудал дээр сууж буй мөчлөгийг хэлэх бөгөөд энэ үед ч мөн адил 9 нүхтэй төмрөөр гүймиг засал хийлгэдэг уламжлалтай юм.

Сэтгэгдэл ( 0 )