АНУ-ын Ерөнхийлөгч Колумбийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, Кубын дэглэмийг унагаана гэж сүрдүүлсэн мэдэгдэл гаргажээ.
Энэ сарын 3-ны өдөр АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн нутагт цэргийн ажиллагаа явуулж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт баривчилсан. Үүнийг хөрш Колумби болон Куба улсууд эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү үйлдэлд нь АНУ-ын Ерөнхийлөгч эрс дургүйцэж буйгаа мэдэгдээд “Хар тамхинд идэгдсэн Колумби улсад цэргийн ажиллагаа явуулах боломжтой” гэсэн юм. Түүнчлэн Кубын коммунист дэглэм “унахдаа бэлдэж байх хэрэгтэй” гэдгийг ч онцолсон байна.
Болсон үйл явдал, Трампын мэдэгдэлтэй холботойгоор Колумби улс хилийн хамгаалалтаа эрс чангатгаад байгаа юм. Куба улсын тухайд Венесуэлийн талд ямагт зогсоно гэдгээ илэрхийлээд байна. Трампын засаглалын үед АНУ-Колумбийн харилцаа эрс муудсан юм. Ялангуяа өнгөрсөн оны нэгдүгээр сард Колумбийн засаг захиргаа АНУ-ын цагаачид тээвэрлэсэн онгоцыг газар нутагтаа буулгахгүй гэж шийдсэн нь дайран дээр давс нэмсэн үйл явдал болсон.
Куба улсын тухайд Венесуэлээс санхүүждэг гэж Трамп үзэж байгаа. Венесуэлд нэгэнт засаглал нь нуран унасан тул Куба руу санхүүжилт өгөхгүй. Санхүүжилтгүй Кубын засаг захиргаа хэр зэрэг тэсэхийг мэдэхгүй байна гэж Трамп цахим хуудастаа нийтэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )