АНУ Венесуэльд цохилт өгч, Мадурог баривчилснаа мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
19 цагийн өмнө

АНУ өнөөдөр (2026.01.03) Венесуэлд өглөө агаарын цохилт өгч, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан тухай Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

Д.Трамп Truth сошиал хуудсанд нийтлэхдээ "Америкийн Нэгдсэн Улс Венесуэл болон түүний удирдагч Ерөнхийлөгч Николас Мадурод томоохон хэмжээний цохилт өгсөн бөгөөд түүнийг эхнэрийнх нь хамт баривчлан, эх орноос нь онгоцоор тээвэрлэн гаргасан" гэж мэдэгджээ.

Трампын засаг захиргаа Мадурог хар тамхи наймаалсан болон террорист бүлэглэлүүдтэй хамтран ажилласан хэмээн буруутгаж байгаа юм.
 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Бямба гаригийн өглөө Венесуэлийн нийслэл Каракас хотод долоогоос найман удаа дэлбэрэлтийн чимээ сонсогджээ. Мөн хотын дээгүүр нислэг үйлдэж буй онгоцууд харагдсан аж.

Венесуэлийн Засгийн газар энэ явдлын дараа гаргасан албан мэдэгдэлдээ "Нийслэл Каракас болон Миранда, Арагуа, Ла Гуайра мужууд дахь иргэний болон цэргийн байршлууд халдлагад өртлөө. АНУ-ыг Венесуэлийн эсрэг маш ноцтой цэргийн түрэмгийлэл үйлдсэн гэж буруутгаж байна. Халдлагын зорилго нь Венесуэлийн стратегийн нөөц, тэр дундаа газрын тос, ашигт малтмалыг нь булаан авч, улс төрийн бие даасан байдлыг хүчээр таслан зогсоох явдал байсан" гэжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top