2026 оны хаврын чуулганы хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах саналуудыг дэмжлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.12.24) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-т тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцэж, шийдвэрлэв. Байнгын хорооны 25 гишүүнээс 14 нь буюу Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Г.Лувсанжамц, Ж.Галбадрах, С.Замира, С.Эрдэнэбат, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Ц.Мөнхтуяа, Л.Мөнхбаясгалан, М.Сарнай, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Д.Ганмаа, Д.Рэгдэл нар хуралдаанд оролцож, 56 хувийн ирцтэй хуралдлаа.

 

 

Өргөдлийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хуралд дахин шинээр байгуулсан бүтэц тул иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна шинэ жишиг болохуйц үйл ажиллагааг хуулийн хүрээнд санаачлан явуулах шаардлагатай байгааг хуралдаан даргалагч О.Номинчимэг хуралдааны эхэнд онцолсон юм. Тэрбээр, тус байнгын хороо байгуулагдсанаас хойших таван сарын хугацаанд олон асуудлаар өргөдөл хүлээн авсан. Гэхдээ тэдгээрээс төрийн одон, медаль, шагналыг бид шийдэхгүй. Харин ирэх онд Өргөдлийн байнгын хороо хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх нь чухал байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурал 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг батална. Иймд цаглаварт тусгуулах саналуудыг хэлэлцэнэ хэмээн танилцуулав. Ингээд Их Хурлын гишүүдээс ирүүлсэн санал тус бүрийг хэлэлцлээ. 


 

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт /цахилгаан, дулааны станц, зам, нүүрс тээвэрлэлт, бензин, шатахуун, ахуйн газ зэрэг аюултай ачаа, бараа тээвэрлэлтийн хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл байдалд хяналт, шалгалт хийх/-д хяналт шалгалт хийх саналыг ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулсан. Уг саналыг гаргах болсон шалтгаан, үндэслэлээ танилцуулахдаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, бид аливаа эрсдэлд бэлэн бус гэдгээ нийслэлд хийн газ ачсан тээврийн хэрэгсэл дэлбэрэх үед мэдсэн. Иргэд амь нас, эд хөрөнгө, сэтгэл санааны асар их хохирол амссан. Гэтэл өнөөдөр шатахуун хомс байгаа гэсэн шалтгаанаар далимдуулан Улаанбаатар хотод өдрийн цагаар газ тээвэрлэхийг зөвшөөрсөнийг хянаж, анхаарах шаардлага үүссэн. Аюултай ачаа тээвэрлэж яваа тэрэг дуут дохио өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс хяналт шалгалт явуулах хэрэгтэй байна гэсэн юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул уг асуудлыг цаглаварт тусгахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.

 

 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж буй зарим хууль тогтоомж болон хөгжих эрхийн хүрээнд зарим хуульд үр дагаврын үнэлгээ хийх, хууль тогтоомжийн давхардлыг арилгах хүрээнд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хууль болон Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд үнэлгээ хийх саналуудыг хэлэлцлээ. Санал гаргасан гишүүн танилцуулгадаа, иргэдийн эрхийг хязгаарласан эрх зүйн зохицуулалтуудад үр дагаврын үнэлгээ хийх нь зүй ёсоор урган гарч буй шаардлага хэмээн дурдаад, хүний эрхийн зарчимд нийцүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиглэлд парламент манлайлал үзүүлэх ёстой гэсэн юм. 

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг, ялангуяа багш нарын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж, хориглосон байдаг хэрнээ сонгуулийн үед тэднийг татан оролцуулдаг нь учир дутагдалтай үзэгдэл. Хүний эрх, эрх чөлөөг боомилсон, Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг хасах талаар Улсын Их Хурал анхаарал хандуулж, хяналт шалгалт хийхийг дэмжиж байна гэсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг санал гаргасан гишүүнд хандаж, төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхдээ ямар арга, хэлбэрийг сонгох талаар тодрууллаа. Үр дагаврын үнэлгээ, судалгаанд тулгуурлаж ажиллана, тогтолцоо талаас нь асуудалд хандаж, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх нь үр дүнтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хариулав. Тэрбээр хэлэлцүүлгийн явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх буюу өөрийн гаргасан хоёр дахь саналыг татав. 

Ийн хэлэлцээд хүний эрхийн чиглэлд хяналт шалгалт явуулах санал тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь тус тус дэмжлээ.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилт, тусгай сангуудын сүүлийн 5 жилийн орлого, зардал, зорилго, үр дүнг үнэлэх хяналт шалгалт явуулах тухай саналаа татаж буйгаа илэрхийллээ.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас ирүүлсэн саналуудыг хэлэлцүүлснээр үргэлжиллээ. Тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Хөдөлмөр эрхлэлтийн сангийн үйл ажиллагааны орлого, зардалд хяналт шалгалт явуулж, нээлттэй болгох, мэдээлэл авах хэрэгцээ үүссэн. Хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь ундны усны хэрэглээ, хөрсний бохирдол, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр хянаж шалгах, Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай болон Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн хоол, тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх саналтайгаа танилцуулав. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг шалгах саналыг нэмж, нийт таван санал оруулж байна гэв.  

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа асууж, үг хэлэхдээ, эдгээр саналуудыг дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлж, хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдалд анхаарч, шалгах, авч хэлэлцэх цаг болсон гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, ундны усны чиглэлээр олон газрын олон судалгаа байдаг, товхимол болгоод гаргачихсан. Харин эс үйлдэхүй байхыг үгүйсгэхгүй гээд, Өргөдлийн байнгын хороо ундны усны чиглэлээр яг юуг шалгах вэ гэсэн асуултыг тавилаа.  

 

 

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль 2024 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгуулах ёстой. Орхигдоод байгаа нь үнэн. Нийслэлд хэдэн зуун мянган нүхэн жорлон байна гэдэг ч арга хэмжээ авдаггүй. Тиймээс эдгээр асуудалд хяналт тавьж, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил хэрэг болгох хэрэгтэй байна хэмээн хариуллаа.

Хуралдаан даргалагчаас хяналт шалгалт явуулах санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн бүрээс хянан шалгах чиг үүргээ ямар арга, хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг нарийвчлан тодруулж байв. Үр дүнг үнэлэхэд чухалчилна гэсэн хариултыг тэд өгсөн.

Ингээд О.Саранчулуун гишүүнээс ирүүлсэн таван санал тус бүрээр санал хураахад, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх саналыг дэмжсэнгүй. Харин Төв суурин газар, аймаг, нийслэлийн ундны усны хэрэглээ, хөрсний бохирдол, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг шалгах талаарх саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 


 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахаас ирүүлсэн цэцэрлэг, сургуулиудад суралцагчдын хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлд хийх хяналт шалгалтын саналаар үргэлжиллээ. Тэрбээр, асуудал харилцан адилгүй байдаг. Энэ чиглэлийн үйлчилгээ, амт,чанар, хүргэлт зэргийг бид хянаж, шалгаж үзэх шаардлагатай. Жишиг тогтоох, стандартад нийцүүлэх хэрэгцээ бий. Яривал их зүйл байгаа гэв. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асууж, байр суурь илэрхийлэхдээ, Үдийн хоол хөтөлбөрт юуг, ямар шалгуураар шалгах, цалин багатай багшийн хөгжил, карерийн тухай ярих нь учир дутагдалтай гэв. Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд шийдүүлсэн учраас цаашид том зургаар төлөвлөх, сургуулийн орчин дахь нийтийн хоолны үйлдвэрлэл, хүнсний амт, чанар, илчлэгийн хэмжээ зэргийг шалгасны үндсэн дээр дүгнэлтээ гаргана хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хоёр саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэллээ. Тэрбээр, юуны түрүүнд эдгээр Улсын Их Хурлын гишүүд санал нэгтэйгээр багш нарын цалинг нэмэхэд идэвх, зүтгэл гаргасныг сануулаад, хоол үйлдвэрлэлд эцэг, эхийн зөвлөл анхаарал, хяналт тавих нь илүү үр дүнтэй гэсэн шийдвэрийг парламентаас гаргах нь зохимжтой гэв. 

Улсын Их Хурлын гишүүн С.Замира, саналыг дэмжиж байна. Сургуулийн орчинд бизнес болгочихсон зарим асуудлыг ч шалгах шаардлагатай гэв. Үдийн хоол хөтөлбөрийн төсвийн 40 хувь нь хоол, хүнснээс өөр зүйлд зарцуулагдаж байгаа гэсэн судалгааны дүн гарчихсан учраас бүрэн дүүрэн зориулах талаас Байнгын хороо ажиллах чухал хэмээн хуралдаан даргалагч О.Номинчимэг тодруулав. Хэлэлцүүлэг дууссаны дараа санал тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

 

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд олонтаа дурдагдаж буй асуудлаас хоёр чиглэлд хяналт шалгалт явуулахаар санал гаргаж буйгаа тус Байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдаанд танилцуулсан. Эхнийх нь Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай  хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, удаах нь Орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх холбоотой санал байв. Хүүхэд хамгааллын асуудал давхардаж байгаа тул өөрөө татах горимын саналы гаргав. Харин орон сууцжуулах нэрийдлээр иргэдтэй байгуулсан гэрээгээ биелүүлдэггүй, урьдчилгаа төлбөр авдаг гэх мэтчилэн иргэдийг хохироодог асуудал цөөнгүй байгаа тул парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Түүний саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, С.Замира, О.Саранчулуун нар дэмжиж, үг хэллээ. Ингээд уг саналыг цаглаварт тусгуулахыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top