Монголын тэкболын холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт, хөгжлийн тусгай төвд тэкболын 2 ширээ, 2 бөмбөг хүлээлгэн өгч, мэргэжлийн багшаар ханган ажиллахаар болжээ.
Монголын тэкболын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа болон ХЗСХТ төвийн нийгмийн асуудал хариуцсан эрхлэгч Г.Цэнд-Аюуш нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Ч.Амарсанаа “хүүхэд багачууд тэкбол болон аливаа спортоор хичээлж аварга болж амжилт гарахаас илүүтэйгээр амьдралд хэрэгтэй ур чадваруудыг эзэмшиж, спортоор дамжуулан нөхөрлөж улмаар итгэл, эрч хүчээр дүүрэн зөв иргэн болж төлөвших учиртай” хэмээн хүүхэд багачуудад амжилт хүслээ.
Тэкболын спорт нь 2015 онд Унгар улсад үүссэн, хөлбөмбөг, ширээний теннис, волейболын спортын дундаас бий болж, орчин үед хурдацтай хөгжиж буй спортын сонирхолтой, шинэхэн төрөл юм.
Монголын тэкболын холбоо нь Монгол Улсын ууган спортын сургууль БТС-д тэкболын спортын ур чадварын сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхны мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг бэлтгэж байгаа ажээ.


Сэтгэгдэл ( 0 )