"Anuxai's Fitness" шоуны оролцогч Томоко Ибукуро Ямагата мужийн Cоёлын элчээр томилогдлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 19


"Anuxai's Fitness" шоуны хүчтэй оролцогчдын нэг, Япон Улсын иргэн Томоко Ибукуро Ямагата мужийн Соёлын элчээр томилогджээ. 

Шоуны дундуур эх орноо зориод ирсэн тэрбээр "Япон руу явсан шалтгаан маань энэ байсан. Миний төрсөн нутаг болох Ямагата мужийн захирагч, хатагтай Ёшимура Миэко маань Ямагата мужийн Соёлын элчийн үүрэг хүлээх “Цүяахимэ” хэмээх нэрэмжит элчээр намайг томилох ёслолыг зохион байгуулж, түүнд би уригдсан юм. Нэвтрүүлэг дундуур явах маш хэцүү байсан. Нутгийн хоол энд тэнд харагдаад. “Ид, уу” гэсэн олон хүнийг гомдоох шиг л болсон. Гэлээ ч өөрийгөө ялна гэсэн зорилго тавьсан болохоор яс дэглэмээ бариад ирсэн шүү" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

2014 оноос эхлэн Монголд зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн Томоко "MIHACHI" компанийг үүсгэн байгуулж, 2017 оноос эхлэн Япон руу цэвэр зөгийн бал экспортолж эхэлсэн байна.

Мужийн захиргаанаас Томоко Ибукурог телевизийн нэр хүндтэй реалити шоу нэвтрүүлэгт оролцож, эх орноо сурталчилж байгааг нь онцлон тэмдэглээд, Ямагата мужийн байгалийн сайхан, сэтгэл татам байдлыг Монголд сурталчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай эх сурвалжийн мэдээнд онцолжээ.

Томоко Ибукуро мөн монгол орны байгалийн сайхан, онцлог цаг агаарын тухай мужийн захирагчид сонирхуулан ярьж, түүний хувьд хоёр дахь эх орон болсон Монгол Улсыг сурталчлах үүргээ ч биелүүлээд иржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top