Энэ амралтын өдрүүдэд болж буй Монгол ардын намын 31 дүгээр их хурлаар намын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлж, 94.95 хувийн саналаар намын дарга болсон билээ.
Тэгвэл өнөөдөр /2025.11.16/ Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгоно.
Эхлээд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл, намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулав.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээс санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан бөгөөд 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар өмнө нь хэлэлцүүлсэн юм. Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж буйгаараа онцлогтой бөгөөд энэ талаараа танилцуулсан юм.
Мөн Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайланг хэлэлцэж, тогтоол гаргана.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанууд өнгөрсөн баасан гарагт Тусгаар тогтнолын ордонд болж, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг, намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг тус тус урьдчилан хийсэн билээ. Дээрх салбар хуралдаануудын үеэр төлөөлөгчид дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа Ажлын хэсэгт хэлж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )