.jpg)
Засаг зүгээс Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн гэх хүн бүрийг харлуулах, унагах технологи хэрэгжүүлээд удаж байна. Д.Амарбаясгалангийн фракцийг хуйгаар нь “булшлах” Г.Занданшатарын гол тактикийг хэрсүү иргэд хэдийнээ уншаад эхлэв. Шуудхан хэлэхэд Ерөнхий сайд “хүний гараар могой бариулах” аргыг нэр бүхий улстөрчдөөр гүйцэтгүүлж байгааг улс төрийн хүрээнд яригдаад удаж байна. Тэдний нэг нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт гэгдэж байна. Засгийн газраас хэрэгжүүл буй “улстөр”-д үйлчилж буй нь Цэцийн маргаанаас хүртэл анзаарагдсан тэрээр өчигдөр Соёлын сайд асан Ч.Номинг “Аудитийн хүрээнд Ч.Номин сайдын үеийн Соёлын яамны үйл ажиллагаанаас 16 их наядын зөрчил илрүүлсэн тул ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарсан” гэсэн нь хэвлэлүүдээр дүүрэн явав.
16 их наяд гэдэг бол өдгөө хэлэлцэж буй улсын төсвийн тэн хагас нь. Ийм их хэмжээний мөнгийг нэг яам ганцхан жилийн дотор зарцуулах ямар ч боломжгүй. Ийм илэрхий гүжирдлэгийг зориуд сэвүүлж, Соёлын экс сайд Ч.Номинг өдөржин сошиалаар “дэвссэн”-ий дараа л ЗГХЭГ-ын дарга X хаягтаа бөв бөөрөнхий тайлбар хийв. Тэрээр “Миний ярьсныг хэвлэлийнхэн буруу таслаад сэвчихэж, ингэж болохгүй” гэж жиргэхийнхээ өмнө мань эр Соёлын экс сайдаас биечилж уучлал гуйчихаж. Улаан цайм унагасан үгийг нь хэвлэлийнхэн тасдаж сэвэх ямар ч боломжгүй.
Шуудхан хэлэхэд баялгийн санг арвижуулах, хууль бусаар хувьчлагдсан орд газруудыг төрд буцаан авахын төлөө тэмцсэн Л.Оюун-Эрдэнээс урваагүй нь түүний “алдаа” болсныг Ч.Номин руу чиглэсэн удаа дараагийн гүтгэлгүүд баталж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын араанд зуугдсан Ч.Номин Соёлын сайдаар ажиллахдаа юуг бий болгов гээд эргээд харчих ёстой юм.
Хэдэн жил дамнан хэрэгжсэн “Go Mongolia” төслийн дараа аялал жуулчлалын салбарт яаж сэргэснийг эргэн сануулъя. CNN, BBC, хөл бөмбөгийн дэлхийн аварга багууд Монголыг сурталчилж, 200 мянган жуулчид эргэлддэг салбарын оролцогчид 800 мянгад хүрч, эдийн засагт 1.6 их наядын эргэлт оруулсан тоон үзүүлэлтүүд байна.
Өнгөрсөн онд Монголыг зорих жуулчдын тоо 22.4 хувиар өссөнөөр Монгол Улс дэлхийн хамгийн хурдтай өсөж буй 20 аялал жуулчлалын чиглэл дунд 18 дугаарт жагсчихаж. Хамгийн их өсөлт үзүүлснээрээ манай улс БНСУ, Япон, Вьетнам, Шри Ланкийн дараа жагссан байх юм. Товчхондоо “Go Mongolia” ийм өндөр үр дүнтэй төсөл гэдгийг бид биш, Л.Оюун-Эрдэнэ биш, Ч.Номин биш дэлхийн хэмжээний том байгууллагууд тайлангаараа батлаад байна.

Сэтгэгдэл ( 4 )
бямбацогт шившиг хүн гүтгэсэн огцор
Номинг сайдын суудалд нь эргүүлж тавь. Хичнээн сайн ажиллаж байлаа. Яагаад сайн ажилласан хүнийг буулгаад оронд нь оронцог болсон юмыг тавьдагийн учрыг ер ойлгохгүй юм даа...
Монголын эрх баригчдад итгэх ямарч арга алга. ерөнхийд нь багцаалбал бүгд хулгайч, луйварчид, авилгачид юм байна. МАХН-МАН ба АН бол хулгайч, луйварчин, авилгачдын бүлэглэл юм байна гэсэн ойлголт авч болохоор байна.
ЭНЭ Ч АРАЙ ДЭНДЭНЭЭ, УУЧЛАЛ ГУЙГААД ӨНГӨРӨХ ГЭНЭЭ, АРАЙ АРАЙ. ЖИРИЙН НЭГЭН БИШ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХИЙН ДАРГА ХҮНИЙГ ТОЛГОЙД БАГТАМГҮЙ ТООГООР ГҮТГЭЭД ӨНГӨРЧ БОЛОХ УУ???