Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ

2025 оны 10 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа, “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхэжсээр байна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн “Миний бие Тантай хамт хүчин чармайлт гаргаж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хөгжлийн уялдааг гүнзгийрүүлж, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасган, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бүрдүүлэхийн төлөө байна” гэжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй саяхан Тяньжин болон Бээжин хотод хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top