"Дэлхийн хоёрдугаар дайны үеэр байгуулсан Монголын баатарлаг үйлс" номыг Монгол Улсад бэлэглэх гэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

 

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон ОХУ-ын ГХЯ хамтран «Дэлхийн хоёрдугаар дайны үеэр байгуулсан Монголын баатарлаг үйлс» номыг Монгол Улсад бэлэглэх гэж байна.

МОСКВА, 10-р сарын 23. /ТАСС/. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл (АБЗ) болон ГХЯ-ны төлөөлөгчид Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулахад БНМАУ-ын оруулсан хувь нэмрийн тухай өгүүлсэн баримт бичиг, материалын эмхэтгэлийг Монгол Улсад гардуулна.

Уг номыг ОХУ-ын АБЗ-ийн Тамгын газар Орос Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуультай хамтран бэлтгэсэн ба Аугаа их Эх орны дайны үеийн Зөвлөлт-Монголын харилцаа, Дэлхийн 2-р дайнд (1939-1945) ялалт байгуулахад оруулсан Монгол Улсын хувь нэмрийг харуулсан юм гэж АБЗ-ийн Тамгын газрын хэвлэлийн албанаас ТАСС агентлагт мэдээлэв.

«Тус эмхэтгэлд 1939 онд Халхын гол дээр явагдсан цэргийн ажиллагааны тухай, Монголын ард түмний Улаан армид үзүүлсэн тусламжийн ач холбогдол, 1945 оны 8 дугаар сард Японы Квантуны армийг бут цохиход Монгол Улс хэрхэн оролцож байсан тухай баримт, материалууд багтсан» хэмээн Хэвлэлийн албанаас онцлов. Мөн түүнчлэн эмхэтгэлд ОХУ-ын Төрийн кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив болон ОХУ-ын Төрийн архивын цуглуулгад хадгалагдаж буй өвөрмөц гэрэл зургууд багтжээ.

Эмхэтгэлийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинд гардуулах ба ёслолд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн орлогч дарга Александр Венедиктов, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Орос Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ректор Андрей Логинов болон Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухааны шинжээчдийн зөвлөлийн гишүүд оролцох гэж байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) нь Аугаа их Эх орны дайн эхлэхэд ЗХУ-ын анхны холбоотон болсон ба үүгээр зогсолгүй 1945 оны наймдугаар сарын 10-нд ЗХУ-ыг дэмжин Японд дайн зарласан билээ. Манжуурын стратегийн довтолгооны ажиллагаанд оролцсон Зөвлөлт, Монголын цэргийн хүчин 1.7 сая орчим хүн байжээ. Монголчууд уг ажиллагааг Чөлөөлөх дайн хэмээдэг бөгөөд түүний үр дүнд Манжуур, Зүүн Хойд Хятад, Солонгосын хойд хэсэг, Өмнөд Сахалин, Курилын арлуудыг Японы милитаристуудаас чөлөөлсөн. Манжуурын довтолгоонд Квантуны арми ялагдсанаар Япон бууж өгөхөөс өөр аргагүйд хүрч, ийнхүү Дэлхийн 2-р дайн дуусгавар болсон билээ.

Эх сурвалж: ТАСС

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(66.181.179.70) 2025 оны 10 сарын 26

Гитлер дайн өдөөснөөрөө ийм олон ном бичүүлсэн хүн болж таарав.

0  |  0
Top