Тэтгэлэгт тамирчид ТОДОРЛОО

2025 оны 10 сарын 04

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх болон олимпод бэлтгэхэд зориулан тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.

МҮОХ нь Спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны спортын амжилтыг ОУОХ-нд илгээж улмаар ОУОХ нь тухайн Олон улсын спорт холбоодтой хамтран судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гарч Тамирчин, Спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулаад байна.

Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Э. Бадар- Ууган нар тамирчид болон спорт холбоодын төлөөллийг Олимпик хауст хүлээж авч уулзан, амжилт хүсэв.

“Лос Анжелес 2028” Олимпын тэтгэлэгт 8 спортын төрлийн 12 тамирчин хамрагдана.

Чөлөөт бөх- Н. Батбилгүүн, Б. Мөнх-Эрдэнэ, Э. Даваанасан
Жүдо бөх- Л. Энхрийлэн, Л. Анхзаяа
Бокс- Б. Мишээлт, О. Есүгэн
Буудлага- О. Есүгэн
Байт харваа- Б. Урантунгалаг
Таеквондо - Г. Энхбаяр
Дугуй- С. Жамбалжамц
Хүндийг өргөлт- Г. Ануужин

Олимпын тэтгэлэг нь 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх ба Тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2028 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой. Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх ба 4 сар тутамд 3000 ам.доллар санхүүжилт авна.

Дашрамд дурдахад: “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top