Ким Жон Ун Бээжинд цэргийн парадад оролцож, Путинтэй уулзана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Бээжинд цэргийн парадад оролцож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.

Ким Жон Уны хувьд энэ нь анхны олон талт олон улсын уулзалт болох бөгөөд үүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дипломат ялалт гэж үзэж болно гэж ВВС онцолжээ. Вашингтон Украин дахь дайны төгсгөхөөр Москватай хэл амаа ололцох гэж хичээж байгаа энэ үед эл арга хэмжээ нь Хятадын төрийн тэргүүнд В. Путин болон Ким Жон Унд нөлөөтэй гэдгээ харуулах боломж өгөх юм.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Бээжингийн цэргийн парадад оролцохгүй ч өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын удирдагчтай уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан билээ.

Пүрэв гарагийн хэвлэлийн бага хурлаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч БНАСАУ-тай хөгжүүлж буй олон жилийн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хоёр улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран ажиллахаа нотолсон юм. В.Путин, Ким Жон Ун нараас гадна цэргийн парадад 26 орны төрийн тэргүүн нар оролцохоо мэдэгдээд байна. Умард Солонгосын тэргүүн 1959 оноос хойш анх удаа Бээжинд цэргийн парадад оролцож байгаа юм.

Хятад улс нь ирэх цэргийн сүр жавхлант жагсаалын үеэр цэргийн онгоц, танк, дроны эсрэг систем зэрэг нэн шинэ зэвсэглэлээ танилцуулна гэсэн хүлээлттэй байна. Энэ үеэр анх удаа Хятадын Зэвсэгт хүчин шинэ бүтцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь харуулна. Түүхэн Таньаньмэний талбайд 70 минут үргэлжлэх парадад олон түмэн цэргийн алба хаагчид оролцох бөгөөд эл нүсэр арга хэмжээ дэлхий дахины анхаарлыг татах нь дамжиггүй.

Энэ жил В.Путин, Ши Жиньпиний дэргэд Ким Жон Ун зэрэгцэн зогссоноор тус үйл явдлыг ихээхэн ач холбогдолтой болгож байна гэж ВВС онцолжээ. Ингэснээр Ши Жиньпин Цагаан ордны ордны тэргүүнтэй хийх аливаа хэлэлцээнд илүү итгэлтэй оролцох боломжтой болж байна. Учир нь тэрбээр тус хоёр удирдагчаас шууд авсан мэдээлэлтэй байх юм. Цэргийн парадаас хэдхэн долоо хоногийн дараа Доналд Трамп Азид айлчилна гэсэн хүлээлттэй байгаа. Цагаан ордны зүгээс Доналд Трамп Ши Жиньпинтэй уулзахад бэлэн буйг илэрхийлж байсан юм.

Ким Жон Ун хамгийн сүүлд 2019 онд Бээжинд айлчилж байжээ. Тэрбээр тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байв. 2018 онд тэрбээр Бээжинд гурвантаа айлчилж байсан билээ.

Өрнөдийн удирдагчдаас ихэнх нь Украины асуудлаарх байр сууриас үүдэн цэргийн парадад оролцохгүй. Бээжин Москваг буруутгаагүй бөгөөд АНУ болон өрнөдийн холбоотнууд нь Оросыг шууд бусаар дэмжиж буйд буруутгадаг. Үүнийг Хятадын тал үгүйсгэдэг бол Ким эсрэгээр Оросын талд зэвсэг, цэргүүдээ илгээж байсан билээ.

Цэргийн парадад оролцох удирдагчдын жагсаалт Хятадын нөлөө хэрхэн өсөж байгаа, дэлхий дахинтай харилцаа нь хэрхэн өөрчлөгдөж байгааг илэрхийлж байна. Тухайлбал, арга хэмжээнд Индонезийн ерөнхийлөгч, Малайзын ерөнхий сайд оролцох бөгөөд энэ нь Зүүн өмнөд Азийн хөрш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх чиглэлд Бээжин хэр их хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна. Европын Холбооноос арга хэмжээнд Словакийн ерөнхий сайд Роберт Фицо оролцох бол Болгар, Унгар улс төлөөлөгчдөө илгээх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top