Орос, Монголын цэргийн алба хаагчид нэг нэгэндээ өөрсдийн үндэсний зан заншил, хоолны соёлоо харилцан танилцууллаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
МОСКВА, наймдугаар сарын 25. /ТАСС/
Орос, Монголын зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2025” хамтарсан сургууль болж буй Буриадын Бурдуны дахь полигонд хоёр улсын цэргийн албан хаагчдын дунд зохион байгуулсан соёлын солилцооны өдрүүдийн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас ТАСС агентлаг мэдээлэв.
Дорнод цэргийн тойргийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан командлагчийн туслах, хурандаа Иван Тараевын хэлснээр соёлын солилцоо нь цэргийн алба хаагчдын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд дэмжлэг болдог аж.
Тэрбээр “Ийм арга хэмжээ нь итгэлцэл, нөхөрлөлийн найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхэд тусалдаг бөгөөд энэ нь хамтарсан сургуулилалтын хүрээнд онцгой ач холбогдолтой юм” хэмээн онцолсон.
Талууд бие биедээ үндэсний зан заншил, үндэсний хоолоо танилцуулсныг Батлан хамгаалах яамнаас нэмж мэдээлэв.
“Үүний дараа цэргийн албан хаагчид холимог багийн бүрэлдэхүүнтэйгээр гар бөмбөг, мини-футбол, стандарт болон жагсаалын зэвсгийн буудлага, хөнгөн атлетик, туухай өргөлтийн буухиа, шатар, мас-рестлинг буюу модон барилдаан, олс таталтаас гадна Монголын үндэсний бөх, сурын харвааны “Бөх”, “Нум сум” тэмцээнд хүч сорьсон” гэж тус яамнаас мэдээлэв.
Түүнчлэн Батлан хамгаалах яамны мэдээлэлд “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулилалт нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг харуулаад зогсохгүй, соёлын харилцааг хөгжүүлэх эрмэлзлэлийг илэрхийлж байгаа нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болж байгааг мөн тэмдэглэв.



.jpg)





Сэтгэгдэл ( 0 )