Одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн төрөлд -100 кг-ын жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр 24 насандаа аваргалж, Монгол Улсын түүхэн дэх олимпын анхны алтан медалийг авчирч байлаа.
Мөн одоогоос 21 жилийн өмнө буюу 2004 оны Афины олимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монголын багийн цорын ганц хүрэл медалийг жүдо бөхийн 60 кг-ын жинд хүртэж байсан юм.
Олимпын хүрэл, Дэлхийн аваргын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн бүтээсэн Монголын спортын түүхэн өдрийн тухай цахим хуудаснаа сонирхолтой түүх хуваалцсаныг хүргэж байна.
.jpg)
Хашбаатарын Цагаанбаатар: 2004 оны 08 сарын 14. "Афин 2004" олимпын наадмын 60 кг-ын жин барилдах өглөө тэмцээний ордон руу МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ах, Ч.Насантогтох багштайгаа гурвуулаа цүнхээ үүрээд л тосгоноос гарлаа. Автобусандаа суугаад 1 цаг гаруй яваад буух гэтэл гэнэт өөр төрөл буюу Гимнастикийн ордон дээр ирж байгаагаа мэдсэн Ото ах сандарч эхлэв. Ах ч орчуулагч болон автобусны жолоочтой ярьсаар байгаад нөгөө автобусаараа буцаж Жүдогийн ордон руу хүргүүлэхээр боллоо. 1 цаг 30 минут явна гэж байна.
Багш, бид хоёр ч сандраад, кимоногоо өмсөж, гар хөлөө боож эхлэв. Ядаж байхад тэмцээний 3 дахь барилдаан байсныг хэлэх үү дотор давчдаад, хамаг хөлс гараад байдаг. Автобус их удаан яваад байгаа мэт санагдав. За нэг юм ирлээ. Бүсээ амандаа зуугаад л кимоногоо өмсөж, Ото ахад цүнхээ орхиод, багш бид хоёр гүйлээ. Тэмцээний заал руу гүйгээд ортол яг миний нэрийг дуудаж байдаг шүү. Надтай барилдах Энэтхэг тамирчин дэвжээн дээрээ гараад зогсчихсон байсан.
Кимоно шалгах хэсэг дээгүүр шууд хариагаад л тэр чигтээ гүйгээд гарсан даа. Мэдээж бие халаалт энэ тэр хийгээгүй гарсан болохоор гараад шууд л хоёр гарын шөрмөс татчихсан.
Сандарсандаа гялс хэвтээ барилдаанд оруулаад, нөгөөхөө боож ялчихаад, гарч ирээд нэг юм бүтэн амьсгаа авч билээ. Ахиад нэг минут хоцроход л бид 2004 онд медальгүй ирэх эрсдэл байсан шүү.
Биднийг олимпын наадамд явах гэж байхад тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр дарга хүлээж авч уулзаад, туг гардуулж өгөх ёслол дээр амжилт хүсэн, "Монгол Улсын хөгжил хүн амын эрүүл байх үндэс бол спорт. Тийм ч учраас та бүхэн энэ олимпын наадамд заавал амжилтттай оролцох нь чухал шүү" хэмээн захиж, "Хэрвээ спортын ямар нэгэн төрлөөр медаль хүртвэл миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Үндэсний шигшээ баг гэдэг статусыг Их хурлаар оруулан, батлуулж, байнгын болгох санал, санаачлыг бий болгож ажиллах болно" хэмээн хэлж байсан үг нь саяхан мэт санагдаж байна.
Хэдийн 21 жил өнгөрчээ. 2004 оноос хойш Монголын жүдочид 5 олимп дараалан медаль хүртсэн байна. Энэ амжилтыг үзүүлсэн Монголын цорын ганц төрөл гэсэн үг.
Мөн энэ өдөр 2008 оны 08 сарын 14-нийг бид дурсах ёстой. Энэ өдөр Монгол түмний 44 жил хүлээсэн олимпын алтан медалыг Найдангийн Түвшинбаяр эх орондоо авчирсан бөгөөд 2008 оны 07 сарын 01-ний тэр аймшигт хар бараан өдөр төр, нийгмийн хагарал, улс төрийн үймээн, самууныг дарж, эв нэгдлийг эх орондоо зэрэг авчирсан түүхтэй юм шүү.
2009 оноос хойш Монголын жүдочдын өдрийг наймдугаар сарын 14-нд тэмдэглэх болсон. Үе үеийн алдарт жүдочиддоо баярын мэнд хүргэе. Хамтын хүч амжилт. Амжилтын төлөө хамтдаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )