Монгол мэргэжилтэн дэлхийн шилдэг клубүүдийн тоглолтыг зохион байгуулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 01

ХонгКонгод долоодугаардугаар сарын 25-наас наймдугаар сарын 01-ний өдрүүдэд дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татсан, улирлын өмнөх олон улсын нөхөрсөг тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Европ тивийн төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, олон сая хөгжөөн дэмжигчтэй Ливерпүүл (Liverpool FC), Арсенал (Arsenal FC), Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur), болон АС Милан (AC Milan) зэрэг клубүүд оролцсон нь тэмцээний нэр хүндийг улам өндөрт өргөв.

Долоодугаар сарын 26-ны өдөр болсон Ливерпүүл vs АС Милан тоглолт бол хөлбөмбөг сонирхогчдын дунд "сонгодог тулаан" хэмээн алдаршсан, Аваргуудын лигийн түүхэн өрсөлдөгчдийн дахин учрах мөч байлаа. Харин 07 дугаар сарын 31-нд Английн хойд Лондонгийн нэр хүндтэй дерби тулаан болох Арсенал ба Тоттенхэм Хотспурын тоглолт болж, олон улсын хөлбөмбөгийн тавцанд онцгой анхаарал татсан үйл явдал болов.

Эдгээр нэр хүндтэй тоглолтуудад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн Л.Цолмонбаяр оролцож, Match Commissioner буюу тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар томилогдон ажилласан нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд бахархалтай, ховор тохиол болохуйц үйл явдал боллоо.
 


Л.Цолмонбаяр нь шинээр баригдсан, 60,000 хүний багтаамжтай ХонгКонгийн "Кай Так" цэнгэлдэх хүрээлэнд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж, дээрх хоёр өндөр түвшний тоглолтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан нь олон улсын хэмжээнд Монголын хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн чадвар, бэлтгэл, зохион байгуулалтын туршлагыг харуулсан тод жишээ боллоо.

Монголын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ийнхүү дэлхийн тавцанд гарч, олон улсын хэмжээний тоглолтыг зохион байгуулах хэмжээнд хүрсэн нь салбарын хөгжилд томоохон түлхэц өгч буй явдал бөгөөд цаашид манай орны залуу мэргэжилтнүүдэд урам зориг, итгэл өгсөн үйл явдал болсон нь дамжиггүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top