Швейцарьт болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах "UEFA Women's EURO 2025" тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо.
АНГЛИ-ИТАЛИ 2:1
Гурван жилийн өмнө Европын аварга цолыг анх удаа хүртсэн Английн "эрслэнгүүд"-ийг Итали бүсгүйчүүд золтой л намначихсангүй. Хэдийгээр хөлбөмбөгийн эх орныхон тоглолтын санаачилгыг авч, илүү олон довтолгоо хийж байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байв.
Эрчүүд шигээ нягт хамгаалалттай итали бүсгүйчүүд 33 дахь минутад сөрөг довтолгоор анхны гоолоо оруулсан. Торгуулийн талбайд Бонансеа хөндлөн ирсэн дамжуулалтыг эхний хүрэлтээрээ маш гоё аваад хаалга руу шууд хүчтэй цохин ганган гоод оруулав. Тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө гуравхан минутын өмнө Италийн баг тоогоо 2:0 болгох маш гоё боломжийг алдав. Энэ гоол орсон бол англичууд ёстой л "Сiao" болох байлаа. Гэвч Английн хаалгач Хэмптон багаа аврав.
Тоглолтын үндсэн цаг дуусахад 7 минут зогсолтын хугацааг нэмсэн, шүүгчид. Тэгтэл 90+6 минут дээр Английн гана гаралтай тоглогч Агиемэн тоог 1:1 болголоо. Англичууд азтай, одтой байгаа. Өмнөх Шведтэй хийсэн тоглолтод мөн тоглолтын төгсгөлд 0:2 -оор хожигдож яваад тэнцүүлж, цаг сунгаад " пенальти"-аар хожсон. Энэ удаа шүүгч бараг амандаа шүглээ хийж, тоглолт дууссаныг зарлах гэж байхад тоог тэнцүүлж, нэмэлт цаг руу орууллаа.
Нэмэлт цаг мөн л дуусахад 4 минут дутуу байхад талбайн шүүгч тун эргэлзээтэй " пенальти"-г Италийн хаалганд заалаа. 11 метрээс Келли цохисон ч Италийн хаалгач хаасан уг нь. Даанч хаасан бөмбөг рүү Келли хамгийн түрүүнд гүйж хүрээд хаалганд орууллаа.
Английн "эрслэнгүүд" ийнхүү сүүлийн гурван том тэмцээнд ( 2022 оны Евро, 2023 оны ДАШТ, 2025 оны Евро) дараалан финалд үлдэж байна.
ИСПАНИ-ГЕРМАН 1:0
Дэлхийн аварга Испани бүсгүйчүүд тоглолтын турш илүүрхэж байсан ч Германы хаалгач Бергер хаалгаа " цоожтой авдар" мэт хамгаалсан. Гэвч нэмэлт цагт , 113 дахь минутад Бергер байрлалаа бага зэрэг алдаа гаргаж Испаний Айтана Бонматигийн хажуугаас ойрын буланд нь цохисон бөмбөгийг алдчихав.
Испани бүсгүйчүүд Бонматигийн гоолын ачаар "Евро"-ийн финалд анх удаагаа шалгаран үлдэж буй нь энэ.
Долдугаар сарын 27-нд Базель хотын "St.Hakob-Park" хэмээх 38,000 хүний суудалтай цэнгэлдэхэд 2022 оны Европын аварга Англи, 2023 оны Дэлхийн аварга Испаний шигшээ багууд 2025 оны Европын аварга цол, цом, алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Англи бүсгүйчүүд Европын хошой аварга болох уу, аль эсвэл Испани хүүхнүүд анх удаа "Хуучин тивд" түрүүлж, Дэлхийн болон Европын аварга болох уу гэдгээ үзнэ. Мөн хоёр жилийн өмнө 2023 оны ДАШТ-ий финал үлдсэн хоёр баг дахин нэг "тулалдах нь" ээ.
Ц.Энхтүвшин ("Таван цагариг" сонин)
Сэтгэгдэл ( 0 )