Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.
Манай улс өнгөрсөн онд Бүгд Найрамдах Казахстан Улстай Стратегийн, энэ оны эхээр Бүгд Найрамдах Узбекистан Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.
Монгол, Киргиз Улс харилцаагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон бусад салбарт гүнзгийрүүлж, цаашид шинэ агуулгаар баяжуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, шинжээчдийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ.
Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж, харилцан туслана. Хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллана.
Нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих боломж бүрдлээ. Манай улс өмнө нь Чех, Бельги, Люксембург, Беларусь Улстай ийм хэлэлцээр байгуулсан бөгөөд цаашид Венийн конвенцын гишүүн бусад улс оронтой байгуулахаар ажиллаж байна.
Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэргээр хамтран ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас Киргизэд ноос нийлүүлэх хамтын ажиллагаа эхэллээ. Ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх, боловсруулах, сурталчлах чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох зэргээр харилцан ашигтай хамтран ажиллана.
Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, ардын гар урлал, утга зохиол, хэвлэл мэдээлэл, дүрслэх урлаг, хөгжим, театр, цирк, гоёл чимэглэлийн урлаг, кино урлаг, медиа чиглэлээр туршлага солилцох, уран бүтээлчид болон урлагийн авьяастнуудыг дэмжих, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бусад салбарт хамтран ажиллана.
Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ. Мөн үндсэн болон дэмжих системүүдийн хүрээнд нөгөө талын сонирхсон шаардлагатай цахим системийг нийлүүлэх боломж нээгдэнэ.
Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд судалгааны ажлын үр дүнг солилцох, дээрх чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.
Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчилах, хөгжүүлэх хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлнэ.
Орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, аймгууд болон иргэд, аж ахуйн нэгж хоорондын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн шууд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан мэдээлэл солилцох, мэдээллээ өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ.
Шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр цогц ажил хийнэ. Археологийн олдворын судалгааны үр дүн, орчин үеийн тайлбар агуулсан мэдээлэл, шинжлэх ухааны хэвлэл, лавлах ном болон бусад мэдээллийг тогтмол солилцох, харилцан сонирхсон судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, талуудын номын сан, архивын санд судлаачид, аспирантуудын ажиллах боломжийг дэмжих зэргээр хамтарна.
Талууд өөрийн улсын соёл, аялал жуулчлалыг дэмжсэн контент харилцан солилцох, радио, телевизийн хамтарсан үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэргээр соёл, урлаг, түүх, уламжлалаа сурталчилна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэд эдэн оронтой иж бүрэн түншлэлийн харилцаатай энэ тэр гэж тоо ярихад л хэрэгтэй юм болов уу, тэрнээс киргизтэй түншлээд аль ч талаараа сайжирч гийгээд сүйд болохгүй нь нь даан ч нэг ойлгомжтой л баймаар