Монгол, Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад зохион байгуулагдаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол, Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд 80 хүүхэд оролцож байна. ОХУ-ыг Буриад, Өвөрбайгалийн хязгаар, Кемерово, Томск болон Эрхүү мужийн таван баг төлөөлж байгаа бол Монголын тал нийслэлээс таван баг оролцуулж байна.

"Олимпиад нь залуу хойч үеэ сурган хүмүүжүүлэх, геологийн салбарт анхаарал татах, геологич мэргэжлийг сурталчлахад ихээхэн ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн Монгол, Оросын олимпиад нь манай хоёр орны уул уурхай, эрдэс түүхий эдийн салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд ойртож буй нэгэн алхам юм. Учир нь оролцогчид мэргэжлийн ур чадвараа харуулаад зогсохгүй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж байгаа юм. Өнөөдрийн сурагчид ирээдүйд газрын хэвлий судлах мэргэжил сонгох нь дамжиггүй байна” гэж Оросын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов Олимпиадын нээлтийн үеэр хэллээ.

Өсвөрийн геологичид найман төрлөөр өрсөлдөх ба тэмцээн бүр нь геологичдын мэргэжлийн үйл ажиллагаандаа гүйцэтгэдэг бодит ажил дээр суурилсан. Нэгдүгээрт, аюулгүй ажиллагааны шалгалт болон анхны тусламж үзүүлэх чадвар. Хоёрдугаарт, хээрийн баазаа товхинуулах: майхан барьж, түүдэг гал асааж, усаа буцалгана. Гурав дахь уралдаан нь геологийн маршрут. Үүнд оролцогчид маань газар дээр чиг баримжаагаа олж, байр зүйн зураглалаа гаргаж, түүнийгээ даган яваад олсон ашигт малтмалынхаа дээжийг авах ёстой. Дөрөвдүгээр шатанд сурагчид маань гол усны ажиглалт, хэмжилт, тооцоо судалгааг хийнэ. Энэ үеэр өсвөрийн геологичид маань гар аргаар хүдэр угаах, эрдэст түүхий эдийн дээж цуглуулах чадвараа шалгуулна. Түүнчлэн хүүхдүүд маань ашигт малтмал, чулуулаг, палеонтологийн олдворуудыг тодорхойлж, худгийн нүхэнд газрын тос, хий байгаа эсэхийг илрүүлж чадах эсэхээ харуулна.

"Өнөөдөр бид мэдлэгийн оргил өөд тэмүүлж буй өсвөрийн геологичдыг харлаа. Шинэ боломж, хөгжлийн хэтийн төлөвийг эрэлхийлж буй хүүхдүүдийг. Энэхүү олимпиадаас шинжлэх ухаанд итгэдэг жинхэнэ геологичид төрнө гэдэгт итгэж байна" хэмээн Үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням хэллээ.

Олимпиад гурван өдөр үргэлжлэх бөгөөд ялагчдыг 7-р сарын 4-нд тодруулах ба тэднийг Бүх Оросын "Смена" Хүүхдийн төвд амрах эрхийн бичгээр мялаах юм байна. Энэ үеэр тэнд зөвхөн өсвөрийн геологичид амарна. Ийм төрлийн хүүхэд залуучуудын арга хэмжээнүүд Бүх Оросын хүүхэд залуучуудын геологийн хөдөлгөөний хүрээнд Краснодар хязгаарт наймдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. 2005 оноос хойш бүх Оросын өсвөрийн геологичдын олимпиадыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн ба 2011 оноос эхлэн Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистаны болон Монголын сурагчид өргөнөөр оролцдог болжээ.

Эх сурвалж: ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu