Л.Гантөмөр: АН засагт байхгүй гэдэг дээр цэг тавьсан

2025 оны 05 сарын 29

Засгийн газрын өчигдрийн ээлжит хурлаар "Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, танхимын гишүүн сайд нарын 100 хувийн саналаар дэмжин УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон юм. Энэ талаар сэтгүүлчид УИХ-ын гишүүн, Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Монгол төрийн үйл хэрэг нэг минут ч гацаж болохгүй. Өнөөдөр манай сайд нар ажлаа хийж байна. Бас Засгийн газар ч ажлаа хийж байна. Гэхдээ нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл МАН-ын бага хурлын шийдвэр байгаа. МАН-ын бага хурлаас АН-ыг Засгаас гарга гэсэн шийдвэр гаргасан. Нэгэнт ингэсэн учраас одоо АН-д засагт ажиллах асуудал байхгүй. Хоёр арга байгаагийн нэг нь Ерөнхий сайд манай АН-ын найман сайдыг огцруулаад солих ёстой. Эсвэл манай намын найман сайд өөрсдөө өргөдлөө өгөх ёсой. Ингэж ярихаар Ерөнхий сайд  УИХ-д хандана гэж байгаа. Тэгэхээр УИХ дээр Ерөнхий сайдын л асуудал яригдахаас биш хамтарсан Засгийн асуудал яригдахгүй. МАН-ын Бага хурлаас хойш хэд хэдэн удаа Ерөнхий сайд болон ХҮН намын даргатай уулзсан.  Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа талаараа сая Засгийн хурал дээр ярилаа. Одоо хоёр сонголт байна. Нэг нь өргөдөл өгөх. Эсвэл итгэл үзүүлэх эсэх. Энэ асуудлаар УИХ-ын 126 гишүүн шийдвэрээ гаргана. 

Цаашид Монгол Улс парламентын засаглалтай байх, эсэх тухай асуудал яригдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд манай намын найман сайд бүгд суусан. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад хандаж, бүлгийн хуралд оролцон, ямар үйл явц өрнөөд байгааг, яагаад АН-ыг Засгийн газраас гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулах шаардлага тавьсан. Дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл АН Засгийн газрын ажлаа хийсээр байна. Нөгөө асуудал нь АН засагт байх, эсвэл засгаас гарах асуудал. Энэ асуудалд АН засагт байхгүй гэдэг дээр цэг тавьсан. Манайх эргэж буцахгүй. Бид намын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр МАН-тай хамтарсан. Тийм хурдан гүйж ороогүй. Засгийн газраас гарахдаа ч намын дүрэмд заасны дагуу гарна" гэв.

Д.Цэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.212.119.192) 2025 оны 05 сарын 29

Улс орны ажил та нарын бие биендээ тухирхаснаар хэмжигдэх юмуу

0  |  0
Close menu