Саяхан PGL Astana 2025 тэмцээний хэсгийн шатны дүнг нэгтгэж байсан билээ. Тэгвэл CS2 тэмцээний төгсгөлийн шатны талаар танилцуулах цаг ирлээ.
Хэсгийн шатны тоглолтууд тавдугаар сарын 14-нд өндөрлөж, сүүлийн найман багийн нэр тодорсон. Тухайн үед гол фаворитуудаар The MongolZ болон Team Spirit нэрлэгдэж байв. Тэд 3-0 харьцаатайгаар шалгарсан. NAVI, Aurora хоёр ялалт байгуулах боломжтой гэж тооцогдож байсан бол Бразилын багууд болох FURIA, MIBR, мөн Европын багууд болох NIP, Astralis баг анхаарал татаагүй. Гэтэл энэ нь том алдаа байв.
Шөвгийн найм
Багууд нэг хоног амарсны дараа тавдугаар сарын 16-нд шөвгийн наймын тоглолтууд эхэлсэн. Эхний тоглолтод Монголын The MongolZ ба Туркийн Aurora багууд тулсан. Valve-ийн чансаагаар тэд 5, 6-д тус тус бичигдэж байгаа бөгөөд хүчний хувьд тун ойролцоо тул гурван мэп дээр ширүүн тулаан болно гэж хүлээж байв. Гэвч Aurora багийнхан монголчуудын сонгосон Mirage мэп дээрх тоглолтод 13-5 харьцаагаар амархан ялсан. The MongolZ баг Anubis дээр хариу үзүүлэхийг оролдсон ч нэмэлт үед хүргэсэн тоглолтод аз дахин Aurora-г ивээв. Ийнхүү туркууд 2-0 харьцаагаар хожиж, дараагийн шатанд шалгарсан.
Үүний дараа тайзнаа гарсан тоглолт бол NAVI болон Astralis багуудын хооронд байв. NAVI-д итгэл тавьж байсан бол Astralis-г бараг хожигдсон баг гэж үзэж байлаа. Дани баг ялна гэдэгт үнэнч фэнүүд нь ч итгэхгүй байсан. Эхний тоглолт Nuke дээр NAVI эхний хагасыг 8-4 харьцаагаар хожиж, гар бууны үеийг ч авч, амархан ялалт байгуулах нь гэж байлаа. Гэвч Astralis нэмэлт үеүүдэд 16-13 оноогоор ялав. Дараагийн Mirage мэп дээр NAVI эхний хагасыг 10-2 харьцаагаар дуусгаж, 13-8 оноогоор хожив. Гэвч шийдвэрлэх Ancient мэп дээр NAVI дахин алдаж, 13-6 харьцаатайгаар ялагдсан. Энэ нь PGL Astana 2025 тэмцээний хамгийн том шуугиан болсон юм.
Үлдсэн хоёр тоглолтод Бразилын FURIA баг MIBR-ийг 16-13, 13-2 харьцаагаар хожсон бол Team Spirit баг урьдын адил хүчтэй байж, NIP багийг 13-8, 13-11 оноогоор буулган авсан.
Хагас шигшээ ба финалын тоглолтууд
NAVI-тай хагас шигшээд тулгарахаас зайлсхийсэн Aurora багийнхан санаандгүй өрсөлдөгч Astralis багтай хийсэн тоглолтоо хялбархан туулна гэж найдсан байх талтай. Гэвч Дани баг ялалтын уур амьсгалд автан, эхний хоёр мэп дээр эн тэнцүү тоглож (Mirage дээр 11-13, Nuke дээр 13-8), эцэст нь Train дээр Aurora-г 13-3 харьцаатай буулган авлаа. S-Tier ангиллын тэмцээний финалд шалгарсан нь Astralis багийн хувьд сүүлийн 5 жилийн анхны тохиолдол байсан бөгөөд үүнээс өмнө 2019 оны BLAST Pro Series: Global Final тэмцээнд ийнхүү амжилт гаргаж байжээ.
Харин нөгөө хагас шигшээд Team Spirit болон FURIA багууд тулгарсан бөгөөд энэ тоглолт спортын шинжээчдийн таамагласан шиг өрнөв. “Луу” хочит Team Spirit баг бразилчуудыг төвөггүй ялж (7-13, 13-9, 13-7), PGL Astana 2025 тэмцээний аваргын төлөө тулах финалд шалгарлаа. Харин доод шатаар явагдсан хүрэл медалийн төлөөх тоглолтод ч FURIA хожигдож, $150,000-ын шагналыг Aurora баг хүртсэн бол бразилууд дөрөвдүгээр байрын шагнал болох $87,500-ыг авсан юм.
Шөвгийн найм, хагас шигшээний сэтгэл хөдөлгөм тоглолтуудтай харьцуулахад финал харьцангуй таамагласнаар болов. Team Spirit эхний хоёр мэп болох Dust2 (13-5) болон Nuke (13-10) дээр итгэлтэй ялалт байгуулж, Mirage дээр бага зэрэг амарч (5-13), эцэст нь Train дээр 16-13 оноогоор ялалт авсан. Энэ ялалт нь тэдний хувьд 2025 оны хоёр дахь томоохон амжилт бөгөөд өмнө нь BLAST Bounty Spring 2025 тэмцээнд түрүүлж байжээ. Тэд энэ удаад $400,000-ын шагнал авч, ирэх major тэмцээний өмнө өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэв. Финалын тоглолтын баатар бол Danil “donk” Kryshkovets байлаа. Тэрбээр K/D статистикаар 86/58 (+28) үзүүлэлттэйгээр тоглолтыг эзэгнэж, 1.51-рейтингтэйгээр “Тоглолтын шилдэг тоглогч” болоод зогсохгүй “Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэв.
PGL Astana 2025 тэмцээн өндөрлөсөн ч IEM Dallas 2025 тэмцээн одоогоор үргэлжилж байгаа бөгөөд хүсэн хүлээсэн BLAST.tv Austin Major 2025 удахгүй эхлэх гэж байна. Монголын шилдэг баг болох The MongolZ эдгээр хоёр тэмцээнд хоёуланд нь оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )