БНХАУ-д нам, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээг чангатгах тухай шинэ журам энэ тавдугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхэлснийг тус улсын Төрийн зөвлөлийн цахим хуудсанд нийтэлжээ.
Хятадын Коммунист намын Төв хороо, Төрийн зөвлөлөөс нам, төрийн байгууллагуудад хэмнэлтийн горим мөрдөж, үр ашиггүй зардлыг таслан зогсоох тухай тогтоол гаргасан нь энэ юм.
Тогтоолд зааснаар өндөр алба хашдаг эрхмүүдэд ажлын өдрийн үдийн цайны үеэр тансаг хоол захиалах, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Мөн дотоод, гадаад албан томилолт, албан ёсны хүлээн авалт, албаны тээврийн хэрэгсэл, хурал, арга хэмжээ, ажлын байранд болон бусад асуудаар албан тушаалтнуудад тавих ёс зүйн дүрмийг тодорхойлсон 63 заалтыг тогтоолд оруулжээ. Гадаад томилолтын үеэр албан тушаалтнууд тухайн айлчилсан орны албан тушалтнуудаас бэлэн мөнгө, үнэтэй дурсгалын зүйлс, нутгийн амттан авах, мөрийтэй тоглохыг хатуу хориглосон байна. “Аялал жуулчлал” нэрийн дор гадаад томилолтод явахыг хориглохоос гадна гадаадын зочдыг хүлээн авахдаа дипломат ёс зүй, найрсаг тэгш байдал, үр ашиг, хэмнэлтийн зарчмуудыг баримтлахыг заажээ.
Нам, төрийн бүх шатны засаг захиргааны байгууллага, бүх бүс нутагт үрэлгэн байдлыг гэмт хэргийн хэмжээнд үзэж, хэмнэлттэй байх нь нэр төрийн хэрэг мөн гэдгийг сурталчлан түгээхийг даалгасан байна.
Д.Цэцэг
Сэтгэгдэл ( 1 )
энэ тогтоолыг хуулаад албан тушаалтан болгнд тараавал таарна