Европын клубуудын хамгийн чухал тоглолт болох Аваргуудын лигийн финалын тоглолт тавдугаар сарын 31-нд Мюнхенд болно.
Нүдэн дээр өссөн баг
“Бидэнд ‘Парис Сен-Жермен’-ийх шиг төсөв байхгүй” гэж “Интер”-ийн дасгалжуулагч Симоне Инзаги шударгаар хэлж байсан. Үнэхээр ч ПСЖ сүүлийн жилүүдэд шилжилт наймаанд асар их мөнгө зарцуулсаар ирсэн. Луис Энрикийн удирдлага дор багийн эзэд шинэ тоглогчдод 700 сая еврог зарцуулж, стратегиа эрс өөрчилсөн. Сүүлийн хоёр жилд ПСЖ супер одууд биш, харин хөгжих хүсэлтэй, амбицтай залуу тоглогчдыг авч, дасгалжуулагчийн зааврыг ягштал дагадаг бүтэц рүү шилжсэн билээ.
Энэ шинэ арга барил маш хурдан үр дүнгээ өгсөн. Францын тэргүүлэгч баг 2020 оноос хойш анх удаа, түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Лигийн эхний шатанд таван тоглолтоос ердөө дөрвөн оноо цуглуулсан тэдний хувьд ийм амжилтанд хүрнэ гэдэгт итгэх хүн цөөн байв. Гэвч 7-р тойрогт “Манчестер Сити”-тэй хийсэн тоглолтод 0-2 харьцаатай хожигдож явж байснаа оноог 4-2 болгож эргүүлсэн нь “шинэ ПСЖ”-ийн хувьд эхлэл байлаа. Плей-офф шатанд ПСЖ өөртөө итгэлтэй, тогтвортой тоглолтоор “Брест”-ийг буулган авч, “Ливерпүүл”, “Астон Вилла”, “Арсенал” гэсэн Премьер лигийн гурван багийг ялсан. Хувийн үзүүлэлтээр авч үзвэл Оусман Дембелегийн өсөлтийг онцгойлон дурдах ёстой. Өмнө нь ааш зангаараа шүүмжлүүлж байсан тэрбээр одоо Алтан бөмбөгийн гол өрсөлдөгч болж, 2025 онд багтаа 25 гоол оруулаад байна.
Энэ улирлын Аваргуудын лигт оролцож буй багуудаас “Парис Сен-Жермен” хамгийн залуу бүрэлдэхүүнтэйд тооцогдож байна. Финалын тоглолтын ихээхэн туршлагатай тоглогч гэвэл зөвхөн Маркиньос, Жанлуижи Доннарумма, Оусман Дембеле, Фабиан Руис, Лукас Эрнандес нарыг нэрлэж болно. Гэвч зөвхөн Маркиньос л таван жилийн өмнө Аваргуудын лигийн финалд тоглож байжээ. Харин “Интер” илүү тогтвортой, тууштай бүтцээр тоглож буй ч өнөөгийн ПСЖ-ийн залуу, зоримог, дайчин тоглолт Европын талбайд хэнийг ч сөхрүүлж чадах түвшинд хүрснийг илтгэж байна. Финалын тоглолтод хэн хожих вэ гэсэн асуултын хариуг удахгүй мэдэх боломжтой. Гэхдээ одоо нэг зүйл тодорхой байгаа. Энэ бол хэзээ ч мартагдахааргүй, хүч тэнцүү, түүхэн тулаан байх болно.
Италийн трансформер
2024/2025 оны Аваргуудын лигийн финалд хүчтэй өрсөлдөгч болох “Интер” бол энэ улирлын тэмцээний хамгийн ахмад насны бүрэлдэхүүнтэй баг. Энэ нь нэг талаас сэргэлт авахад хүндрэл учруулж болох ч, нөгөө талаас туршлага, уламжлалд үнэнч, тогтвортой байдал юм. Яг 15 жилийн өмнө, “Интер” Диего Милито, Лусио зэрэг 30+ насны тоглогчдын хамт гурав дахь Аваргуудын цомоо хүртэж байв. Харин өнөөдрийн “Нерадзурри”-гийн бүрэлдэхүүнд 2023 онд “Манчестер Сити”-тэй финалд (0-1) тоглож байсан есөн тамирчин багтсан нь багийн залгамж халаа, туршлагын илэрхийлэл юм.
“Интер” хоёр жилийн өмнөх амжилтаас ч илүү сэтгэл хөдөлгөм тоглолтыг энэ улиралд үзүүлж байгаа. Лигийн шатанд ердөө нэг гоол алдсан “Интер” хамгаалалтад суурилсан тоглолтынхаа үр шимийг бүрэн хүртэж байгаа баг. Тэд плей-офф шатанд “Бавари” болон “Барселона”-г ялж, хүлээлтээс давсан гайхалтай тоглолт үзүүллээ. Ялангуяа хариуцлагатай мөчүүдэд сэтгэлзүйн тогтвортой байдал, тууштай байдлаа алдалгүй сүүлчийн мөч хүртэл тулалдаж чадсан нь тэдний давуу тал байв.
Дасгалжуулагч Симоне Инзаги зөвхөн хамгаалалтаар аваргуудыг дийлэх боломжгүйг ойлгож, довтолгооны ямар ч боломжийг алдалгүй ашиглах тоглолтын загварыг бий болгожээ. Энэ тоглолтод зөвхөн Лаутаро Мартинес, Маркус Тюрам нар биш, мөн хамгаалагчид ч жинтэй үүрэг гүйцэтгэсэн. Дензел Думфрис, Франческо Ачерби, Бенжамен Павар, Карлос Аугусто нар сүүлийн хоёр шатанд нийт дөрвөн гоол оруулж, таван оновчтой дамжуулалт хийсэн нь “Интер”-ийн бүх тоглогчийг жигд оролцуулдаг уян хатан тоглолтын баталгаа юм
Хэдийгээр “Интер” финалын тоглолтод доогур рейтингтэй орж байгаа ч багийн характер, туршлага, сэтгэлийн тэнхээгээр аль ч нөхцөл байдлаас гарах гарц олж чаддаг гэдгээ дахин нотлоод байна.
Сэтгэгдэл ( 0 )