Х.Отгонбаяр: Үрийн буудайн арилжааг долоо хоног бүр зохион байгуулна

2025 оны 04 сарын 16

Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн бирж/ХААБ/-ээр арилжаалах болжээ. Энэ талаар ХААБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Отгонбаяраас тодрууллаа. 


-Улаанбуудайг ХААБ-ээр дамжуулан арилжаалснаар ямар ач холбогдолтой вэ?

-Өнгөрсөн намраас эхлэн улаанбуудайг биржээр арилжих тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Улаанбуудайг арилжих судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод анхны арилжааг амжилттай зохион байгуулсан.

Улаанбуудайг биржээр арилжаалбал буудайн сорт, чанарыг бодитой тогтоох, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл талаасаа хаана тариалсан, улсын хэмжээнд хэдэн тонн хүнсний улаанбуудай нийлүүлж байгаа зэрэг мэдээллийн сантай болно. Гурилын үйлдвэр болон тариаланчдын зээлжих чадварт эергээр нөлөөлж, төсвийн урамшууллын ил тод тогтолцоо руу шилжинэ.

-Бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан тохиолдолд ebarimt-аар баталгаажуулах ёстой. Гэтэл зарим тохиолдолд ямар нэгэн шалтгаанаар баталгаажуулж чадахгүй хугацаа алдах асуудал үүсдэг?

-Хөдөө аж ахуйн салбарын урамшууллын систем татварын системтэй холбогддог учраас үүнийг онцлон асуух чинь зөв. Манай систем ebarimt-ын системтэй холбогдсон учраас биржээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан тохиолдолд иймэрхүү асуудал гарахгүй.

-Тариалан эрхлэгч, үйлдвэрлэгч хоёрын дунд улаанбуудайн чанар буюу зэрэглэлтэй холбоотой маргаан үүсдэг юм билээ. Энэ нь биржийн арилжаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Талууд үндэсний стандартаа барих ёстой. Гэтэл худалдан авагч тал хүнсний бүтээгдэхүүн гэдэг утгаар тухайн стандартаас ч өндөр шаардлага тавих нь бий. Нөгөө талдаа, тариаланчид тарьсан болон борлуулсан улаанбуудайн ангилал буюу зэрэглэлээр урамшуулал авдаг. Өөрөөр хэлбэл, тариалан эрхлэгч нэгдүгээр зэрэглэлийн улаанбуудай нийлүүлсэн байхад худалдан авагч тал хоёрдугаар зэрэглэл гэж тогтоож, ebarimt үүсгэсэн тохиолдолд тариалан эрхлэгч хоёрдугаар зэрэглэлийн урамшуулал авахаар болно гэсэн үг. Харин биржээр дамжуулан худалдан борлуулсан тохиолдолд зэрэглэлтэй холбоотой асуудал, маргаан гарахгүй гэдгээрээ давуу талтай.

-ХААБ-ээр хүнсний улаанбуудайг арилжаалсан тохиолдолд ямар урамшуулал, хөнгөлөлт олгох вэ?

-Улаанбуудайг ХААБ-ээр арилжаалахад чанар, арилжаалсан тонн тутамд Засгийн газрын тогтоолд заасан урамшууллын хэмжээгээр тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно. ХХААХҮ-ийн сайдын “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн эдтгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д үүнийг тодорхой заасан байдаг.

-Үрийн улаанбуудайн арилжаа ХААБ-ээр хийгдэх үү?

-Бид зөвхөн хүнсний улаанбуудай арилжих биш тариалан эрхлэгчдээ дэмжих, чанар, стандартын шаардлага хангасан үрийн буудайгаар хангах зорилгоор Хөдөө аж ахуйн корпорацитай хамтарч үрийн буудайн арилжааг зохион байгуулж байгаа. Хаврын тариалалт хүртэл долоо хоног бүр үрийн буудайн арилжааг шат дараалалтай зохион байгуулна.

М.Зул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top