Ц.Гэрэлгуа I Азийн наадмаас мэдээлж байна
"Харбин-2025" наадмын уриа нь "Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” гэсэн утгатай бөгөөд ийм уриаг сонгосон зорилго нь цас, мөсөөр дамжуулан Азийн ард түмнийг нэгтгэх, цас, мөсний эдийн засгаа бэхжүүлэх, “Нэг зам-нэг бүс”-ийн дагуу орших Азийн ард түмний хоорондын найрсаг болон соёлын харилцааг улам дэлгэрүүлэх явдал юм байна.
“Өвлийн мөрөөдөл” гэж онцолсны учир нь Азийн тамирчдад цас, мөсний спортын гайхамшгийг мэдрүүлэхийн зэрэгцээ цаашид тэднийг олимпын дэвжээнд хүрэх мөрөөдлийг нь биелүүлэхэд түлхэц болох зорилготой ажээ.
“Азийн хайр” гэж онцолсон нь тивийн бүх ард түмэн хоорондоо улам ойртон нэгдэж, найрамдах гэсэн хүсэл тэмүүллийг илтгэжээ.
Наадмын эмблем нь спортын арга хэмжээг онцлоод зогсохгүй түүнийг зохион байгуулж буй хот, соёлын онцлогийг харуулахын зэрэгцээ, наадам хэзээ, хаана болж буй мэдээллийг шууд өгч байх ёстой.
Энэ удаагийн Азийн наадмын эмблем нь "нэвтлэх” гэсэн утга бүхий нэртэй ба дүрс нь нэг талаас харахад богино зайн тэшүүрчин, нөгөө талаасаа Харбин хотын бэлгэдэлт цэцэг болох “Голт бор” цэцгийг дүрсэлжээ. Гуравдугаарт, эмблем нь агаарт бүжиглэж буй туузыг дүрсэлснээр Хятадын соёлыг Олимпын элементтэй хослуулж байна гэж үзжээ.
Эмблем нь бүхэлдээ дараах гурван хэсгээс бүрдэж байна.
1. Гол дүрс зураг. Гүйлтийн тэшүүрчин, голт бор цэцэг, бүжиглэж буй тууз
2. Зүүн дээд хэсэгт байрлах нар
3. Бичиг, тоогоор илэрхийлсэн хэсэг
Азийн олимпын зөвлөлийг төлөөлүүлж түүний логонд байрлах “нар”-ыг эмблемдээ тусгажээ. Эмблемд уусаж буй хөх ба нил ягаан өнгийг голлон хослуулсан байна. Уусаж буй хөх өнгө нь цас, мөсөн дээр тусаж буй нарны гэрэл, сүүдрийг төлөөлж, үүгээрээ цас, мөсний спортын гайхамшгийг бэлгэджээ. Ууссан нил ягаан өнгө нь Харбин хотын цэцэг болох голт бор цэцгийн өнгө юм.
"Харбин-2025" наадмын бэлгэдэл дүр нь Бинбин, Нини гэдэг нэртэй барын бамбарууд юм. Бинбин нэрийг зохион байгуулагч хот Харбины нэрнээс авч, Нини нэрийг Хятад галигийн “нин” буюу монголоор “Та, чи” гэсэн утгаас авчээ. Энэ нь “Харбинд тавтай морил” гэсэн утгыг агуулж буй.
Бэлгэдэл дүрүүдийн ерөнхий байдал нь эрч хүчтэй, эгдүүтэй бөгөөд ёслол төгөлдөр. Яагаад барыг сонгов? Хятадын уламжлалт соёлд барыг хүчирхэг, шударга, эрэлхэг байдлын бэлгэдэл болгодог байна. Иймд бар нь олимпын тоглолтын үзэл санаатай тохирч байна гэж үзжээ. Харин “Бинбин”, “Нини” хоёрыг 2023 оны есдүгээр сард Хэлунжан мужийн “Зүүн хойд нутгийн бар” хэмээх хүрээлэнд төрсөн хоёр хөөрхөн бамбараас санаа авч дүрсэлжээ.
Бинбин, Нини хоёрын дух, чихийг Харбины уламжлалт цаасан хайчилбарын дүрсээр, хүрмийг нь цасан ширхгээр, бээлийг нь голт бор цэцгээр тус тус чимэглэжээ.
Бинбин тэшүүр дээр байгаа нь мөсний төрлийн спортыг, Ниниг цасны самбар дээр зогсоож, цасны төрлийн спортыг төлөөлүүлжээ.
Бинбин, Нини хоёр Харбинд хаа явсан газар угтаж, тамирчид, зочдын сэтгэлийг сэргээгээд зогсохгүй, Бинбин, Нинигийн дүрстэй тоолж баршгүй олон төрлийн бэлэг дурсгалын зүйлс газар сайгүй худалдаалагдаж, “Цас, мөсний эдийн засаг”-ийг дэмжих ажил Харбинд амжилттай хэрэгжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )