Зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх үү?

2025 оны 02 сарын 11

-Энэ нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэй гэв-

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан бямба гарагт болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхааруулав.

Тус хурлаар өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж зарим мэдээлэлтэй танилцсан юм.

Нийслэл хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркын дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна.

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын эхний дөрвөн хурлаас зургаан чиглэлээр нийт 73 үүрэг даалгавар өгчээ. Эдгээрээс 17-г нь шийдвэрлэсэн бол бусад үүрэг даалгавар хэрэгжилтийн шатанд явж буйг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Зарим зөвшөөрлийг журмаар олгодог мөн зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлд өрнөх бүтээн байгуулалтын ажилд чухал нөлөөтэйг штабын зарим гишүүн онцолж давхардал, шат дамжлагыг багасгаж хялбарчилж өгөх шаардлага байгааг дурдлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад харилцааны нэгдсэн бодлого, удирдлага шаардлагатай байгааг онцлов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлш рүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-иуд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн тулгамдсан асуудлууд, түүний шийдлийг цогцоор нь авч үзэж тусгах хэрэгтэйг холбогдох хүмүүст дахин санууллаа.

М.Зул

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.250) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Таамаг(103.57.94.39) 2025 оны 03 сарын 13

Нийгмийн хэт идэвхтэй мэдлэг багатай буруу шийдвэр голчлон гаргадаг хүмүүс янз бүрийн холбоо байгуулж авлигач намуудад тусалж хэдэн төгрөг олж амьдрал ахуйгаа авч явдаг байх даа

1  |  0
Top