2025 оны нэгдүгээр сарын 7-ны өглөө. Америкийн "Даллас Маверикс" багийн менежер Нико Харрисон, "Лос Анжелес Лэйкерс" багийн менежер Роб Пелинка нар Техасын Даллас хотын "Ascension Coffee" хэмээх кофены газарт уулзаж, спортын ертөнцийг доргиосон томоохон наймааны хэлэлцээрийг эхлүүлсэн байна.
Бараг нэг сарын турш ямар ч мэдээлэл задраагүй үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст "Лэйкерс" болон "Маверикс" багууд NBA-ийн түүхэн дэх хамгийн гайхмаар наймаануудын нэгийг албан ёсоор хийж, 25 настай багийн үнэ цэнтэй тоглогч Лука Дончичийг "Лэйкерс" баг руу илгээж, оронд нь тус багийн гол төвийн тоглогч Энтони Дэвисийг авчрах тохиролцоонд хүрчээ. Энэхүү гэнэтийн шийдвэр Даллас хотын хөгжөөн дэмжигчдийг цочирдуулж, тэд "American Airlines Center" спортын ордны гадна эсэргүүцлийн жагсаал хийж, "Даллас Маверикс"-ын домогт тоглогч Дирк Новицкигийн хөшөөний урд түр зуурын дурсгалын самбар байршуулжээ. Новицки өөрөө энэ мэдээнд таатай хандахгүй байгаагаа илэрхийлсэн гунигтай царайтай эможи нийтэлж, олон нийтийн сүлжээнд ихээхэн шуугиан тарив. NBA-ийн одууд болон багуудын удирдлагууд ч гэсэн уг наймааг төсөөлөөчгүй байв. Хамгийн гайхалтай нь, Лука Дончич менежер Харрисоноос ирсэн дуудлагыг авч амжаагүй тул өөрөө ч солилцоонд орсон гэдгээ мэдээгүй байхдаа багийнхнаасаа олж мэджээ. Харин Дэвис багийнхандаа Нью-Йорк Никс багийг ялсанд нь баяр хүргэсэн зурвас бичиж байв. Тэгвэл Энтони Девисийн ойрын хамтрагч болох Леброн Жэймс Нью-Йорк хотод оройн хоол идэж байхдаа багийнхаа менежер Пелинкагаас дуудлага авч, сэтгүүлч Шэмс Чараниягийн наймааны талаарх анхны нийтлэлээс өмнөхөн энэ тухай мэдсэн байна. Харин Кайри Ирвинг "Маверикс" багийн Кливлэнд дэх зочид буудалд эмчилгээ хийлгэж байхдаа нийгмийн сүлжээгээр энэ тухай олж мэджээ. NBA-ийн бусад багуудын удирдлагууд энэ наймааны талаар ямар ч мэдээлэл аваагүйдээ бухимдацгааж байлаа. Гэхдээ энэхүү наймаа санамсаргүй зүйл байсангүй. Харин ч Коби Брайантын үед эхэлсэн олон арван жилийн итгэлцэл дээр тулгуурлан хоёр багийн удирдлагууд маш хурдан хэлэлцээр хийсний үр дүн байв.
Дончичийн наймааг яагаад нууцалсан бэ?
Багийн эх сурвалжийн мэдээлснээр, "Даллас Маверикс" багийн менежер Нико Харрисон анхнаасаа Дончич шиг хэмжээний од тоглогчийг наймаалах хамгийн зөв арга нь бүгдэд ил болгож олон багуудад санал тавих биш, өөрийн сонгосон ганц хүндээ санал тавих нь хамгийн зөв гэж шийджээ. Учир нь олон талын оролцоо нэмэгдэх тусам Дончич болон түүний агентын нөлөө ихсэж, асуудал үүсгэж болзошгүй байв. Үүний зэрэгцээ, фэнүүдийн эсэргүүцлийг хэтэрхий их дэвэргэхгүй байх нь уг наймааг амжилттай болгоход чухал гэж үзжээ. Лэйкерс үүнийг бүрэн ойлгож ямар ч мэдээлэл задарч болохгүй гэж тохирсон байна. Тэд өнгөрсөн хугацаанд томоохон наймаануудын үеэр олон сургамж авсан. 2011 онд Крис Полыг авах гэсэн "Лэйкерс"-ын наймааг тухайн үеийн NBA-ийн комиссар Дэвид Стерн өрсөлдөгч багуудын эсэргүүцулийн улмаас наймааг хориглож байсан. Мөн 2019 онд Энтони Дэвисийг авахын тулд хийсэн сунжирсан, шуугиантай наймаа нь 2018-19 оны улирлын хоёрдугаар хагаст үймээн тарьж, улмаар Мэжик Жонсон "Лэйкерс"-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход хүргэсэн. Өнгөрсөн жил бүр илүү дуулиантай явдал болж, "Лэйкерс"-ын эзэд Леброн Жэймсийг "Голден Стэйт Уорриорс" руу солих тухай хоорондоо ярилцаж байсан нь илэрч, эцэст нь Жэймсийн агент Рич Пол наймааг таслан зогсоожээ. Эдгээр бүх наймаанд гадны хүчнүүд үйл явцыг сүйтгэж байв. Харин энэ удаад ийм зүйл тохиолдох ёсгүй байлаа. Итгэж болох хүмүүсийн хүрээ маш бага байх ёстой. Тиймээс Харрисон энэ өндөр нууцлалтай, хүчтэй шүүмжлэл дагуулж болохуйц наймааг гүйцэтгэхийн тулд зөвхөн Пелинкад итгэжээ. "Юта Жазз" баг хүртэл Дончич, Дэвис нар уг наймаанд багтаж байгааг мэдэлгүйгээр хоёр драфтын эрх авах тохироо хийж, наймааг зуучилсан байна. NBA-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, "Жазз"-ын ерөнхийлөгч Дэнни Эйнж (Бостоны "Селтикс"-ийн гол өрсөлдөгч, "Лэйкерс"-ыг үзэн яддаг хүн) Дончич "Лэйкерс"-ын шинэ нүүр царай болохыг наймаа дуусахаас 30-хан минутын өмнө л мэдсэн. Гэхдээ тэр үед аль хэдийн хожимдсон байлаа. NBA-ийн түүхэнд үлдэх гайхалтай наймаа бүрэн өндөрлөхөд ердөө хэдхэн хором үлдээд байв.
Пэлинка, Харрисон нарын итгэлцэл хэрхэн бий болсон бэ?
2003 оны зуны улиралд Роб Пэлинка, Нико Харрисон нар хоёулаа өсөж буй залуу удирдлагууд байсан бөгөөд тухайн үед 25 настай Коби Брайантын итгэлийг олж чаджээ. Брайант 2002 оны гуравдугаар сард удаан хугацаанд хамтран ажилласан төлөөлөгч Арн Теллемээс гарч, тухайн үед Теллемийн компанид дөнгөж тушаал дэвшиж байсан Пэлинкаг өөртэйгөө хамт ажиллаж, агентаа болохыг ятгажээ. Тэр үед Брайант "Adidas"-тай байгуулсан гэрээ нь дуусч, шинэ компани сонгох эрх чөлөөтэй болсон байв. Гэхдээ тэр шууд гэрээ хийхийн оронд өөрт ашигтай байдлаар зах зээлийг сорихоор шийджээ. Өмнөх тоглолтонд "Nike"-ийн пүүз өмссөн бол дараагийнхдаа "Reebok"-ийг өмсөх гэх мэтээр олон брэндийн анхаарлыг татаж, үнийг нь өсгөхийг оролдсон байна.
Харин "Nike" тэр үед ахлах сургуулийн од Леброн Жеймсэд анхаарлаа хандуулж байсан бөгөөд Лебронтой хамтрах ажлыг гүйцэтгэхийн тулд хамгийн шилдэг борлуулалтын багаа ажиллуулжээ.Тухайн үед 20-иод насныхаа дунд үед байсан Харрисон "Nike"-ийн менежерийн хувиар Брайантыг элсүүлэх үүрэг хүлээв. Тэр жилийн турш Брайантын бүх гэртээ хийсэн тоглолтыг үзэж, түүнийг ятгахаар зүтгэсэн ч Брайант түүнийг тоолгүй өнгөрүүлсээр байв. Гэсэн ч Харрисоны тууштай байдал эцэстээ үр дүнгээ өгч, 2003 оны зун Харрисон, Пэлинка нар Брайантыг "Nike"-д элсүүлэх 5 жилийн 40 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Дараагийн арван жилийн турш Пэлинка, Харрисон нар Брайантын дотно хүрээллийн нэг байсан түүнтэй хамт дэлхийг тойрон аялж, "Nike"-ийн албан ёсны арга хэмжээнүүд болон гэр бүлийн аяллуудад хамт явж. Энэ бүхэн Харрисоны мэргэжлийн карьерын хамгийн том наймааг яагаад зөвхөн Пэлинкатай хийж, ярилцахыг хүссэн шалтгааны үндэс болсон юм.
Дончичийн наймаа: Хэн ч оролцох эрхгүй байсан уу?
Энэ удаа Даллас Маверикс багийн Ерөнхий Менежер Нико Харрисон, Даллас Маверикс багийн захирлуудын зөвлөлийн гишүүн Патрик Дюмон, Лос Анжелес Лейкерс багийн ерөнхий менежер Роб Пелинка, Лос Анжелес Лейкерс багийн эзэн Жини Басс дөрөвөөс өөр хэн ч шийдвэр гаргах эрхгүй байлаа. Леброн Жеймс, Энтони Дэвис нарын төлөөлөгч Рич Пол хүртэл хөндлөнгөөс оролцоогүй. Дончич болон түүний төлөөлөгч ч адилхан. Кайри Ирвинг, түүний агент, бүр "Маверикс"-ийн дасгалжуулагч Жэйсон Кидд, "Лэйкерс"-ийн шинэ дасгалжуулагч Жей Жей Реддик хүртэл мэдээчгүй байв.
Дончич явахаасаа өмнө "Маверикс"-ийн фэнүүдэд зориулан сэтгэл хөдөлгөм үурвас цахим хаяг дээрээ нийтэлсэн байна. "Би энд карьерынхаа туршид тоглоно гэж бодож байлаа. Би та бүхэнд аваргын цом авчрахыг туйлаас хүсэж байсан, Сайн муу бүх цаг үед, гэмтэл бэртлээс эхлээд NBA-ийн финал хүртэл та бүхэн дэмжсээр байсанд их талархаж байна. Бидний хамгийн сайхан мөчүүдэд баяр баяслаа хуваалцаж, хүнд хэцүү үед намайг түшиж тулсан та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна" гэжээ.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 0 )