Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл УАШТ-д ТАВАН ЖИЛ дараалан түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд тодорч дууслаа. 

Хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн таван жил дараалан түрүүлж байна.

УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ.

“Хүч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо.

Харин “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.

125 кг-ын дүн:

 

1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Н.Золбоо (Хүч)
3. Э.Батмагнай (Алдар)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top