Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.06.03) Упсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Упсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна хэмээн танилцуулав.

Тэрбээр, “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

 

 

Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. Мөн “Хууль тогтоомжийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдуудаас санал авч тусгажээ.

Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан байна.

 

 

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад авагдана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top