Байгаль дэлхийдээ өгөх сэтгэлээр хандах цаг болсон

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

Хүн төрөлхтөн байгаль, эх дэлхийн үр шимээр тэтгэн тэжээгдэж амьд оршин тогтнодог. Байгаль эх дэлхийнхээ үр, буянт малын шимээр, байгалийн баялгийн өгөөжөөр Монгол Улс өнөөдөр амьдарч байгаа. Бид дандаа байгалиас авсаар байтал өнөөдөр эх орон, газар шороо, усны хомсдол, хөрсний доройтол аюулын улаан гэрэл асаагаад удаж байна. Үр нөлөөнд нь хүн, мал ялангуяа говийн бүс нутагт амьдрахад туйлын бэрх боллоо.

Монгол улс нүүрс, алт, зэс гээд байгалийн баялгийг олборлож буянт мал сүргийн үр шимээ хүртэж, ноос, ноолуураа экспортолж, энэ орлогоороо амьдарч байна. сүүлийн 10, 20 жилд эдийн засаг унаж, сэргэж байсан ч ерөнхий дүнгээрээ дандаа томорсоор ирсэн. үндэстний орлого ард иргэдэд зөв хуваарилагдаж байгаа эсэх нь бол тусдаа ярих сэдэв. өнөөдөр 2024 оны монгол улсын төсвийн хэмжээ түүхэн дэх хамгийн том төсөв болсон шүү дээ. гэтэл бид энэ хэмжээнд байгаль, эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийж чадсан уу гэвэл үгүй.

Байгаль эх дэлхийдээ өгөх үндсэн арга бол МОД ТАРИХ усны эхийг сэргээж хамгаалах явдал юм.

 

Үйлдвэрлэлд гүний ус биш гадаргын болон саарал ус хэрэглэе

 

Говийн усны нөөц багасаж байгаа хэд хэдэн шалтгаан бий. Гол шалтгаануудын нэг нь уул уурхайн үйл ажиллагаа. Уул уурхайг эсэргүүцэх нь өрөөсгөл, гэхдээ уул уурхайг байгаль орчинд халгүй хариуцлагатай л хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ гүний усыг биш гадаргаас татсан ус эсвэл саарал усыг ашиглах нь зүйтэй.

Говийг усжуулах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон. Үүнийг хийж хэрэгжүүлэхдээ эхлээд говийн өөрийнх нь унаган эко системийг сэргээх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байна. Ажил хаанаас эхлэх ёстой вэ гэвэл говь руу урсаж байгаа цорын ганц гол Онги голын урсцыг нэмэгдүүлж улмаар говийн бүс нутгийн томоохон нуур болох Улаан нуурыг сэргээхээс эхлэх ёстой юм.

 

 

Говийн бүсийн мал, малчин хоёр Монгол нутгийн эзэн болдог

 

Цөлжилт асар хурдацтай явагдаж байгаагийн хамгийн гол эффект говийн бүсэд хамгийн хурцаар мэдрэгдэж байгаа. Үүнээс үүдэн мал? малчин хоёр тэсэхэд бэрх болж байна л даа. Говь нутагт зундаа хоёр удаа л сайн бороо орчиход сайхан зун болчихдог шүү дээ.

Говийн ургамал амьдрах чадвар сайтай, тэсвэртэй. “Хагасхан өдөр л бороо шиврэхэд хашхирч ургадаг таанатай нутаг аа...” гэж төрийн шагналт СГЗ Ш.Гүрбазар гуай шүлэглэсэн байдаг. Яг л үүн шиг хагас өдөр л бороо ороход өвс ногоо сайн ургадаг сайхан хөрстэй нутаг учраас нөхөн сэргээж, хэвэнд нь оруулах бүрэн боломж бий.

Өмнөговийн Баянзаг дотор тэмээтэй хүн ороход харагддаггүй байсан гэж ахмад буурлууд маань ярьдаг. Гэтэл одоо бол үнэхээр сийрэг болчихсон. Баянзагаа сэргээн, Онги голын урсцыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай байна.

Говийн бүсэд хамгийн гол анхаарал татаж байгаа асуудал бол ус, цөлжилт. угтаа говийн бүс нутгаар мал, малчин хоёр л Монгол нутгийн эзэн болж байна.

Өргөн уудам газар нутагтаа эзэн нь болж байгаа мал, малчин бол Үндэстний баялаг, үндэстний аюулгүй байдалтай салшгүй холбоотой асуудал учраас говийн бүсийг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг төрийн дээд түвшиндээ анхаарч, авч үзэн шийдвэрлэх, үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байна.

 

Эх сурвалж: https://vip76.mn//intro 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 05 сарын 22

тэгээ, тэг... тэгээд зайл

0  |  0
Зочин(66.181.176.20) 2024 оны 05 сарын 23

Энэ мэт зулзагууд Мөнхцэцэг гишүүний байрыг эзлэхнээ арай арай хайран эмэгтэй гишүүн

0  |  1
Top