ФОТО I "Бэрх шагай" үлгэрийн киноны ЦАГААН ЭСГИЙН ёслолоос

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

 

Монголын кино урлагт 45 жилийн дараа "Бэрх Шагай" хэмээх үлгэр домгийн сэдэвт кино бүтээл дэлгэцнээ амилан, өнгөрөгч ням гарагт (2024.05.19) нээлтийн ёслолоо хийлээ. 

Кино продюсер Б.Дамдинсүрэн, санаачлагч, нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ нарын баг хамт олны дөрвөн жил гаруйн хугацаанд бүтээсэн уг кино Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залууст Монголынхоо өв соёлыг өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм. 

Энэхүү киноны баг хамт олон өв уламжлалаа таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх ажлынхаа хүрээнд уламжлал болсон улаан хивсний ёслолыг өөрсдийн хэв маягт оруулан "Цагаан эсгийн ёслол" хэмээн нэрийдэн, хүндэт уран бүтээлчдээ хөвөн цагаан эсгий дээр хүндэтгэн урьсан нь тун ч шинэлэг хийгээд, бахдам байв. 

 

 

"БЭРХ ШАГАЙ" КИНОНЫ ПРОДЮСЕР Б.ДАМДИНСҮРЭН: НОМОН ДЭЭРЭЭС Л УНШДАГ БАЙСАН БААТРУУДАА АМИЛУУЛЖ, КИНО УРЛАГТ ШИНЭ САЛХИ ОРУУЛСАН 

Кино маань энэ сарын 17-ноос эхлэн бүх кино театруудаар цацагдаж эхэлсэн. Өнөөдөр "Цагаан эсгийн ёслол" буюу уран бүтээлчдийн нээлтээ хийж байна. Энэхүү киног нийгмийн хариуцлагын хүрээнд "Алтернатив" эмнэлэг маань хийж байгаа.

Би өөрөө эмч хүн. Яагаад энэхүү киног хийхээр болсон бэ гэвэл орчин цагийн хүүхдүүдийн маань ирээдүй, хэлц үг, зүйр үг, үлгэр гэдэг зүйлсээс тун хол байна. Тиймээс 45 жилийн дараа буюу "Бушхүүгийн үлгэр" киноноос хойш хийгдэж байгаа анхны киногоо хийхээр болсон. Бид дандаа гаднын үлгэрийн кино үздэг байсан бол бид өнөөдөр номон дээр л байдаг байсан баатруудаа амилуулж, үлгэрийн баатартай болж байна. Энэ бол арилжааны бүтээл биш. Энэ бол кино урлагийн түүхэн дэх шинэ салхи. 

 

 

"БЭРХ ШАГАЙ" КИНОГ САНААЧЛАГЧ, НҮҮР ХУВИРГАГЧ Г.ХОС-ЭРДЭНЭ: ТАВАН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ НҮҮР ХУВИРГАЛТЫН БАГ АЖИЛЛАСАН 

Би тусгай нүүр хувиргагч мэргэжилтэй. Үүнийгээ Монголдоо хэрэгжүүлэн, үлгэрийн баатруудаа хэн ч харсан Монгол үлгэрийн баатар гэж танигдахаар бодож хийсэн. Бэлтгэл ажлаа 6 сарын хугацаанд хийж, маскныхаа хэвийг авсан.

Маскаа бэлдээд тавьсан тохиолдолд зураг авалт бүрт шинээр хийх шаардлага гарахгүй. Киногоо гадаад киногоор төсөөлбөл "Нарниа", "Harry Potter" зэрэг киногоор зүйрлэж болно. Тэд ч мөн үлгэрийн кино шүү дээ. Бүх насныхан үзэхэд тохиромжтой. Нүүр хувиргалтын баг маань 5 хүнтэй ажилласан. Кино багийнхан маань хэрхэн ажилласныг үзэгчид маань шүүх байх гэж бодож байна.

 

 

Киноны гол дүрүүдэд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА С.Сарангэрэл, МУСТА В.Агар, МУСТА Б.Дамдинсүрэн, жүжигчин М.Дагвадорж, Н.Маралгоо, Б.Хишигбаяр, Х.Ганцоож, С.Бат-Эрдэнэ нар тоглосон бол зохиолч, найруулагчаар Ч.Билгүүн, П.Анхааханаа нар ажиллажээ.

 

 

Тус киноны орлогын дээжээс жүжигчин Х.Ганцоожийн хэрэгцээнд бүрэн нийцсэн амины орон сууц бэлэглэхээр болсон тухай баярт мэдээг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байсан. "Бэрх шагай" киног төсөл болгон өргөтгөж ном, ил захидал, номын хавчуурга зэргийг худалдаанд гаргаад байгаа бөгөөд киноны тасалбар авсан хүүхэд бүрт Billy's kids cafe-д 50 хувь хөнгөлөлттэй тоглох эрх болон номын хавчуурга бэлэглэх ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.38) 2024 оны 05 сарын 20

Хичнээн улаан хивс, цагаан эсгий дэвсээд муу кино бол нэмэргүй ш дээ, одоогийн кинонууд сүртэй нээгээд л сураг алдарч байх шиг

0  |  0
Top