НҮБ-ын суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовскаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовскаг тавтай морилохыг хүсээд Монгол дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангасан нийгмийн олон төлөөллөөс бүрдсэн парламентыг бүрдүүлэхэд улс төрийн намууд санаачлага гарган, байр сууриа нэгтгэн зөвшилцөж хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг амжилттай хийж чадсан гэдгийг онцоллоо. Улс төр, парламент дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан гэдгийг тэмдэглээд үүнд Монгол Ардын Нам парламент дахь олонхийн хувьд бүлгээрээ дамжуулан идэвхтэй манлайлж оролцсон гэдгийг дурдав.

Үүний үр дүнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна, УИХ дахь гишүүдийн тоо нэмэгдэнэ, нийгмийн олон талын төлөөлөл орох боломжтой болсон, ингэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог өндөр байх ёстой гэж талууд байр сууриа нэгтгэж чадсан гэдгээ илэрхийллээ. Хэдийгээр бодлогын төвшинд жендэрийн эрх тэгш байдлын талаар шийдвэр гаргаж байгаа ч орон нутагт энэ талын мэдээллийг хүлээж авах хандлага сул байдаг тул асуудлыг бүхэлд нь харах нь чухал байгааг хэлсэн юм. 

 

 

Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска өнгөрсөн 2023 оны есдүгээр сард манай улсад томилогдон ирсэн юм. Тэрээр Монголд ажиллаад удаагүй ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, энэ чиглэлээр хийгдсэн ажлууд, үр дүнгийн талаар мэдээлэл авч, уулзсан албаны хүмүүстэй санал солилцож байгаа гэдгээ хэллээ. Тэрээр гурван гол зүйлийг онцолсон юм. 

Нэгдүгээрт, Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоонд гарч буй өөрчлөлтөд талархаж байгаагаа илэрхийллээ. Хоёрдугаарт, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хууль эрх зүйн хүрээнд зорьсон санааг бодит ажил болгох нь чухал гэдгийг онцоллоо. Гуравдугаарт, улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг хуулиар зохицуулсан тул сонгуулийн дараа гарах үр дүн, дүгнэлт, сургамж зэргээ хуваалцахыг хүссэн юм.

Сүүлийн үед Монголд жендэрийн эрх тэгш байдалд улс төрийн намууд анхааралтай хандаж хууль эрх зүйн хувьд нэлээд өндөр үзүүлэлтэй өөрчлөлт хийж, энэ талаар улс төрийн намууд зөвшилцөлд хүрснийг маш том дэвшил хэмээн харж байгаагаа Суурин төлөөлөгч хэллээ. Жендэрийн эрх тэгш байдлын талаар олон нийтийн хэвшмэл ойлголт, хүлээж авах хандлага дутмаг байгааг хөндөж, энэ асуудлыг углуургаар нь шийдвэрлэх нь чухал гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан хөндсөнд талархаж байгаагаа илэрхийлэв. Цаашид энэ асуудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч анхаарч ажиллана гээд Монголын сонгуулийг амжилттай болохыг хүсэв.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Намын дэргэдэх Жендэрийн хорооны дарга Х.Баасанжаргал нар оролцов.

Мөн НҮБХХ-ийн засаглалын хөтөлбөрийн аналист Л.Бархас, Шийдвэр гаргах төвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од, Шийдвэр гаргах төвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төслийн менежер Т.Хандсүрэн нар байлцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top