Импортын улаанбуудайн татварыг тэглэж болно, болохгүй...

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 06

Дотоодын гурилын үнэ өссөн, импортынх хямд байгаа болон Засгийн газар тэжээлийн буудай, гурилын импортын татварыг тэглэх бодлого барьж буй зэрэг нь манай улстөрчдийн хэн нь эх оронч, хэн нь биш болохыг харуулах сонгуулийн улайссан  цэг дээр “бүжиглүүлэх” хэмжээнд өндрөө авлаа. Олон нийт “Гурилын үнэ өндөр байна. Оросоос оруулж ирж байгаа гурил хамаагүй  хямд үнээр борлуулагдаж байна” хэмээн хэдэн өдөр сошиалд шуугингуут хууль санаачлаад, эсвэл  олон нийтэд таалагдах шийдвэр гаргачихдаг байж болохгүй л дээ.Үүний ард олон юм байна. Нэгдүгээрт, сонгууль дөхсөнийг хэлэх үү, овжин зарим нь ХХААХҮ-ийн сайдыг буруутгаж, оноо цуглуулах аянд гараад амжиж. “Орос бол том гүрэн, бид тэдэнтэй үнээр өрсөлдөх боломжгүй.

Тэжээлийн буудай, гурилын импортын татварыг тэглэх нь эрсдэлтэй” гэсэн  Х.Болорчулуун сайдын байр суурийг нь мушгиж, намтай нь ч, засагтай нь ч дайтуулах гэж завсраар гал өрдөгчид нам дотроос нь ч, гаднаас ч бишгүй байгаа бололтой. Хоёрдугаарт, хожил хайсан буудай, гурилын  импортлогчид, наймаачид дор дороо лобби хийцгээж эхэлжээ. Гуравдугаарт, эрх баригчдын байр суурийг ажиглахад энэ сонгуулийг л хэл амгүй байж байгаад аятайхан давчихвал  гэсэн байдлаар хандаж мэдэх юм гэсэн хардлага төрөхөөр байна.

Хамгийн гол асуудал бол тариаланч, үйлдвэрлэгчдийн бодит нөхцөл байдал, цаашлаад иргэдийнхээ амьжиргааг харсан зөв шийдэл юу болохыг л хаа хаанаа гаргаж ирэх учиртай. Тэгж байж энэ асуудал шийдлээ олно. Түүнээс тэжээлийн буудай болон гурилын татварыг тэглэж болно, болохгүй гэж маргах юм бол  эцэс төгсгөлгүй юм болно. Эцэст нь олонхийн зөв гээд юм уу, Оросоос хямдхан гурил оруулж ирэх нь зөв юм байна гээд шийдвчихвэл  иргэд хохирох шийдвэрт хүрэх вий. Стратегийн хүнс болох гурил,  буудайгаараа бусдын хараат болчихвол КОВИД-той адил дэлхий дахиныг хамарсан гамшиг тохиовол улс үндэстнээрээ турж үхэхдээ тулж очих нь гарцаагүй.

Мэдээж хэрэглэгчдийн зүгээс “Дотоодын үйлдвэрлэгчид гурилынхаа үнийг нэмсэн, өндөр үнэтэй байна” хэмээн шүүмжилсэн. “Оросоос хямдхан гурил оруулж ирж болж байна, боллоо шүү дээ” хэмээх мэдээллийг хөөсрүүлэн цацсан. Олны дундах хар ярианы хэллэгт “Үнэгүй юманд нугасгүй” гэх үг байдагчлан хямд зүйл рүү хошуурах хандлага алсдаа юунд хүргэхийг хэн нь төсөөлөхгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл төвийн  буюу газар тариалангийн гол бүс, Монголын газар тарилангийн салбарын ачааны хүндийг үүрч, нийт үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг хангаж яваа бүс нутгийн төлөөллүүд оролцсон “Газар тарилангийн салбарын өнөөгийн байдал, тогтвортой хөгжлийн онол” хурал, хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт болоход түүнд оролцогчид импортын улаанбуудайн татварыг тэглэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. УИХ-ын мэргэжлийн байнгын хороо буюу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ч ийм саналтай байгааг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал мэдэгдээд байгаа.

Энэ бүхнээс үзвэл ХААХҮЯ болон сайд нь ч, УИХ дахь мэргэжлийн байнгын хороо буюу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь, газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүд нь ч газар тариаланчид, үйлдвэрлэгчдийн хооронд ойлголцлын “гүүр барих”, буудайгаа чанаржуулах, гурилын үнийг барих зөвшилцлийг бий болгохоор нэг зүгт хамтраад явж байна. Эндээс иргэн төвтэй эх оронч шийдвэр гарахаас бус импортыг дэмжих юм бол юу болох билээ. Монгол Улс даяар атрын аян өрнүүлж, хоёр дахь, гурав дахь давалгааг идэвхжүүлж байж сая нэг юм гурил, буудай, төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангадаг болсон. Үнэтэй байна гээд, эсвэл үнээ нэмлээ гэж зөвшилцлийг алгасан, импортыг дэмжин  төр төмөр нүүр гаргавал толгой руугаа төмрөөр цохих өдөр л ирэх байх даа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(103.168.34.52) 2024 оны 04 сарын 06

Guril uildverlegchid davhar has baina gedeg tie sanal niilehgui baina UBaas 200 Garuda km-t orshdog Bulganii Dashinchilen sumand AT 1-guril kg ni 2320 tug. Ulaanbaatariin supermerketad 2750 tug. Baina Uildverlegchid davarch baina uu Hudaldaachid davarch baina uu 1-2-r guriliin uned taaz togtooj bolohgui gej uu

0  |  0
Зочин(103.168.34.70) 2024 оны 04 сарын 06

УЛААН БУУДАЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭВЭЛ ТАРИАЛАНЧИД ДАМПУУРЧ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ДАВАРНА

0  |  0
Top