Н.Эрдэнэ: Бид 10 дахь жилдээ “Дэлхийн цирк”-ийг эх орондоо авчирлаа

2024 оны 04 сарын 03

"Дэлхийн цирк Монголд" олон улсын циркийн тоглолтыг анх санаачлан зохион байгуулснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. “Монгол циркийн хөгжлийн төв”-өөс тус ойг тохиолдуулан “Степп Арена” мөсөн ордонд ээлжит тоглолтыг зохион байгуулж буй юм. “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн захирал Н.Эрдэнэ “Бид 10 дахь жилдээ “Дэлхийн цирк”-ийг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тоглолтоо хийсэн. Үргэлжлүүлээд энэ сарын 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагуудад 11:00, 15:00, 19:00 цагт тоглоно. Циркгүй, стандарт бус газар хийж байгаа нь аюул дагуулах уу гэж олон хүн асууж байсан ч бүх зүйл стандартын дагуу явж байгаа. АНУ, Герман, Канад, ОХУ-д циркийн шоу, тоглолтууд яг манай “Дэлхийн цирк Монголд” тоглолт шиг спорт аренад болдог. Ямар ч аюулгүй. Тоглолтын ерөнхий найруулагчаар ОХУ-ын жүжигчин Юрий Владимирович Никулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Дмитрий Чернов нар ажиллаж байна. 11 орны 104 жүжигчин, арын албаны 40 орчим хүн нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл ажил хангагдаад явж байна” гэв.

Дээрээс нь Узбекстан улсаас дөрвөн бар, хоёр арслан, Казахстан улсаас найман нохой иржээ. Нийт 14 сургуультай амьтан уг тоглолтод оролцож байгаа. Эдгээр амьтан 6000 км-ийн алсаас зургаан улсын хилээр дамжиж Монгол оронд ирсэн.

Узбекстаны циркийн жүжигчин, амьтан сургагч Отабек “Арслан, баруудыг би багаас нь л тэжээж, сургасан юм. Одоо 4-6 настай амьтад. Тэдэнтэй яг л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг байх хэрэгтэй. Миний гэр бүлийн гишүүн шүү дээ. Бүгдийг нь зулзага байхад нь амьтны хүрээлэнгээс авч байлаа. Бид хамтдаа гурав дахь орондоо ирж байна. Монголчууд арслан, барын маань тоглолтыг сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Тэд маш ухаалаг шүү. Анх сургаж байхдаа хоёр гурван удаа хазуулж байсан л даа. Амьтан сургахад багахан хэмжээний золиос хэрэгтэй шүү дээ” хэмээн ярилаа.
 


Олон улсад циркийн тоглолт үндсэн дөрвөн төрлөөр хөгжиж ирсэн байдаг. Суурин, нүүдлийн, кабарет шоу, спорт арена буюу бидний үзэж байгаа хос манежтай циркийн тоглолт. Энэхүү төрөл нь Канад, ОХУ, Франц, Германд маш олон жилийн турш дээд цэгтээ хүртэл хөгжиж иржээ.

Хос манежтай тоглолтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Дэлхийд Канадын “Нарны цирк” тэргүүлдэг. “Нарны цирк”-ийн зохион байгуулдаг дийлэнх шоу яг энэ хэлбэрээр болдог байна. Тэр ч байтугай гурван манежтэй тоглогддог цирк ч бий. Гэхдээ зай талбай, нөхцөл боломждоо тааруулаад Монголд хоёр манежтай тоглож байгаа юм.

Нэг ч үзүүлбэр давтан тоглодоггүй гэдгээрээ үзэгчдийн талархалыг хүлээсэн "Дэлхийн цирк Монголд" олон улсын циркийн тоглолтод Монгол, ОХУ, Беларус, БНХАУ, Украин, Аргентин, Испани, Узбекстан, Якут, Казахстан, Герман улсын циркийн жүжигчид ирж оролцож байгаа. Манай улсын циркийн урлагийн түвшин өмнө нь байснаасаа 2-3 дахин дээшилсэн гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм байна. Социализмийн үед зөвхөн уран нугаралтын үзүүлбэр олон улсын уралдаан тэмцээнд оролцдог байжээ. Харин сүүлийн 10 гаруй жилд акорбат үсрэлтийн төрөл нэлээд өндөр түвшинд хөгжиж, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа гэнэ. Уралдаан тэмцээнд оролцох бүрдээ алт, мөнгө, хүрэл цомыг авч байгаа аж.

Нийтэд нь хөгжлийн тухайд ярьвал циркийн урлаг жүжигчний апарат хэрэгслээс эхлээд маш их хөрөнгө мөнгө шаарддаг учраас яалт ч үгүй улсынхаа дэмжлэгээр хөгждөг. Тиймээс олон улсын циркийн хөгжил, жүжигчдийн тоглолт ямар түвшинд байгааг энэхүү тоглолтоос харж болно. Мөн эсрэгээрээ энэхүү тоглолтод оролцож байгаа гадаадын жүжигчдэд Монголынхоо жүжигчдийн чанар чансааг харуулахыг зохион байгуулагчид ихэд хичээж байгаа юм.

Энэхүү тоглолтод оролцож буй бас нэгэн сонирхолтой үзүүлбэр нь дэлхийд нэртэй, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийг жилийн өмнө төгссөн залуу жүжигчид цоо шинэ акорбатын үзүүлбэр хийснийг толилуулж буй. Энэхүү үзүүлбэр одоогоор гурван тэмцээнд оролцох урилга авчээ. Үүнийг эх орныхоо үзэгчдэд үзүүлэх боломж энэхүү тоглолтоор бүрдсэн байна.

Г.Ганчимэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top