“Ливерпүүл”-ийн дасгалжуулагчийн хоёр гол сонголт 14 болон 15 сая еврогийн үнэтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 30

Германы “Байер Леверкузен”-ий дасгалжуулагч Хаби Алонсо ирэх улиралд багтаа үлдэж ажиллахаар шийдсэн тухайгаа өчигдөр албан ёсоор зарлалаа.

Ингэснээр Германы “Байерн Мюнхен” болон Английн “Ливерпүүл”-ийн Хаби Алонсог ирэх зун дасгалжуулагчаар авах гэсэн найдлага тасарч байна. Одоо дараа дараачийн сонголтууд руу анхаарлаа хандуулах боллоо.

“Ливерпүүл”-ийг Юрген Клопп ирэх зун орхиж явахаа зарласан. Тиймээс шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад буйг хөлбөмбөгийн хорхойтнууд юу эс андах билээ. Тэгвэл тэдний байж болох сонголтуудын тэргүүнд португалын 39 настай дасгалжуулагч Рубен Аморим болон 44 настай итали мэргэжилтэн Роберто Де Зерби нарын нэр бичигдэж байна.

Жозе Моуриньогоос хойш Португалаас төрөн гарсан хамгийн чадварлаг дасгалжуулагч гэгдэж буй Рубен Аморим “Спортинг Лиссабон”-ыг удирдаж байгаа. Түүний клубтэйгээ байгуулсан гэрээнд 15 сая евро төлж авах боломж бий. Харин энэ мөнгөний хэмжээ 2025 оны зун 10 сая евро болж буух ажээ. Энэ мөнгийг төлөөд Аморимтой тохиролцож чадвал авах бүрэн боломжтой. Рубен Аморим “Спортинг”-т ажилласан эхний улиралдаа Португалын аваргын цомыг өргүүлээд байгаа нэгэн. 

Өөр нэг сонголт нь Роберто Де Зерби юм. Сонирхолтой нь түүний “Брайтон”-той “Ливерпүүл” Премьер лигийн энэ тойрогт учраа таарсан байгаа. Юрген Клопп “Де Зербигийн багтай тоглох маш хэцүү гэдгийг би сайн мэднэ. Тэр үнэхээр гайхамшигтай ажиллаж байгаа. Шинэ багт ирмэгцээ өөрийн гэсэн тоглолтын хэв маягийг богино хугацаанд “тавьж” чадсан нь үнэхээр сайн дасгалжуулагч гэдгийг нь шууд харуулсан. Түүнээс хойш багийнх нь тоглолт улам сайжирсаар л байгаа. Би лав “Брайтон”-д очоод тэгж тоглуулж чадахгүй. Бөмбөг эзэмшилт дээр тулгуурласан тоглолтын хэв маяг, зохион байгуулалт нь “Манчестер Сити”-гийнхнээс ч илүү юм шиг харагддаг. Тоглогчдодоо өгдөг эрх чөлөө нь ч ахиу. “Брайтон” бол ямар ч багийг хожиж дөнгөнө. Де Зерби бол шилдэг дасгалжуулагч. Түүний багийн тоглолтыг үзэх маш сонирхолтой байдаг” хэмээн магтжээ.

Де Зербигийн “Брайтон”-той байгуулсан гэрээнд өөр багт очих бол 14 сая евро төлөх ёстой гэсэн заалт байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Ливерпүүл”-ийн байж болох хамгийн өндөр магадлалтай дасгалжуулагчийн сонголт нь 15 сая, 14 сая гэсэн ойролцоо үнийн дүнтэй байгаа юм байна. 

Харин Хаби Алонсог “Байер”-т үлдэхээр болсон талаар Юрген Клопп бодлоо хэлэхдээ “Ажил хэрэг нь маш сайн яваа залуу дасгалжуулагч л гэж хэлье. Түүн шиг байдалд байгаа бол би ч гэсэн тэндээ л үлдэнэ. Харамсах юм юу ч байхгүй. Миний хэлэх юм гэвэл энэ л байна. Гайхамшигтай сайн ажиллаж чадаж байна. Леверкузенийнхэн энэ сайн багийнхаа үндэс суурийг ирэх улиралд авч үлдэх байх. Гэхдээ улирал бүр ийм амжилттай байхад хэцүү шүү дээ. Тиймээс ч үлдэх гээд байгааг нь ойлгож байна. Өөр бусад асуудлын талаар бол хэлэх юм надад алга” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top