Б.Нямсүрэн: Сонгогч мэдээлэлд хэрсүү хандаж, нягтлах боломжтой

2024 оны 02 сарын 28

Энэ жил сонгуулийн жил. Улсын Их Хурлын гишүүдийг сонгох сонгууль ирэх зургаадугаар сарын сүүлчээр болно. Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн. Энэ талаар буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэнгээс тодруулж ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар онцлох заалтууд орсон юм бол?

-Энэ УИХ-ын сонгуулиар тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 78 гишүүнийг мажоритараар, 48 гишүүнийг пропоциональ системээр сонгоно. Сонгогч иргэдийн хувьд сонгуульд оролцохдоо өөрийнхөө нэрийн жагсаалтын мэдээллийг сайтар шалгах хэрэгтэй. Гадаадад байгаа сонгогчдын хувьд сонгуульд оролцохоо илэрхийлэх боломж нь заавал өөрийн биеэр очилгүй утас, факсаар Дипломат консулын газартаа мэдэгдэнэ.

Санал авах өдрийн хувьд нэг өдөр байдаг байснаа болиод дөрвөн өдөр үргэлжлэхээр хуульчилсан. Сонгогч иргэдийн хувьд манай тойрогт хэн, хэдэн хүн нэр дэвшиж байгаа вэ гэдгийг харах боломжийг нэгдсэн самбараар олгож байгаа. Тухайн тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байгаа тухай бүх мэдээлэл нэгдсэн самбарт байршсан байна. Саналаа өгсөн сонгогч бүрд бэхэн тэмдэглэгээ хийгдэнэ. Хяналтын тооллого 100 хувь хийгдэнэ.

-Гараар тоолоход хэдий хугацаа орох вэ. Мөн гараар тоолох дүн гартал сонгуулийн үр дүнг зарлахгүй юу?

-Энэ удаа мандат олон болж байгаа учир гараар тоолох хугацаан дээр удна байх. Гараар тоолж дуустал сонгуулийн дүнг зарлахгүй. Гэхдээ үүнээс ч өмнө хэсгийн хороод дээр дүн гарчихсан байдаг. Утсаар авчихдаг юм.

-Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэлээд өөрчлөлт орсон байх. Тухайлбал, инфлюнсер буюу нөлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ. Магадгүй цахим хуудастаа тэдэн мянган дагагчтай бол нөлөөлөгч гэж үзнэ гэх мэт зүйл байгаа юм болов уу?

-Би хувьдаа инфлюнсер гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж мэдэхгүй юм байна. Ер нь бол 50 дагагчтай байна уу, 50 мянган дагагчтай байна уу гэдэг нь чухал биш. Сонгуулийн сурталчилгааг хэн хийж болох вэ гэвэл Сонгуулийн ерөнхий хороонд ухуулагчаар ажиллана гээд бүртгүүлсэн хүн л хийх эрхтэй. Үүнд бол ямар ч хүн ажиллаж болно. Гэхдээ тухайн нам, эвслээс нэр дэвшигчийн ухуулагчаар заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллана гээд заачихсан шүү дээ. Түүнээс биш хуульд инфлюнсер гэж ийм хүнийг хэлнэ гэсэн заалт байхгүй.

-Сонгогч иргэдийг саналаа өгөхөд хэн нэгэн нөлөөлж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Тухайлбал, хэн нэгэн иргэн ямар нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж болохгүй гэсэн үг үү?

-Өө, энэ нэр дэвшигч боломжийн хүн байх шиг байна. Би энэ хүнийг сонгоно гэж бодож байна хэмээн ярьж болно. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө бодлыг хэлж болно. Энэ нь нээлттэй. Харин бүх сонгогчийг хамруулаад “Би сонгож байгаа юм. Энэ их сайн хүн юм байна шүү. Та нар ч гэсэн бүгдээрээ энэ нэр дэвшигчийг дэмжээрэй. Бүгдээрээ энэ хүний төлөө саналаа өгцгөөе” гээд хэлчихвэл ухуулах сурталчилгаа болчихож байгаа юм. Энэ ялгааг сайтар анзаарч ойлгоорой.  

-Гэхдээ эрх баригч намын ухуулагчид буюу одоо ажиллаж буй хорооны хэсгийн ахлагчид арай давуу эрхтэй байгаад байна гэж сонгогч иргэд дургүйцдэг. Бусад жижиг намыг сурталчилгааны материалыг айл руу оруулж өгөхгүй, зөвхөн хэтэрхий нэг талыг барьсан сурталчилгаа хийлээ гэдэг гомдол гардаг шүү дээ. Мэдээж, энэ нь сонгогчийн саналаа өгөхөд нөлөөлнө. Яг санал өгөхөөр ороход зүсийг нь хараагүй хүн байна гэдэг яриа бас гардаг?

-Сум, дүүргийн хэсгийн хороодод Иргэдийн хурлаас нэгдсэн самбарын байршлыг тогтооно. Тэр нэгдсэн самбар дээр нэр дэвшиж байгаа бүх хүний мэдээлэл байршина. Сонгогч иргэд үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Манайд хэдэн хүн нэр дэвшиж байна вэ гэдгийг санал авах өдрөөс өмнө иргэд анзаарч, мэдээллээ сайн авсан байх хэрэгтэй. Хамгийн гол нь сонгогч иргэд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцах хэрэгтэй. Манайд нэр дэвшиж байгаа хүмүүс юу хийх юм бэ гэдгийг мэдэх эрхтэй. Мэдээллийг нэгдсэн байдлаар, цогцоор нь харж чадвал тэндээс сонголтоо хурдан хийнэ.

-Сурталчилгааны хугацааны хувьд ямар байна вэ. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад хугацаа богинохон, нэр дэвшигчид олон. Сонгогч иргэд олон нэр дэвшигчийн нэрийг дугуйлах учраас танилцаж амжихгүй гээд байгаа?

-Сурталчилгааны хугацаа 18 өдөр гэж байгаа боловч яг нарийн тоолбол 17 өдөр байгаа шүү дээ. Санал авахын урд өдөр сурталчилгааны хугацаа дуусаж байгаа юм. Өмнө нь 20 өдөр болдог байсан л даа. Энэ жил зургаадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчийг зарлана. Мөн сарын 28-ны баасан гарагт сонгууль болно. Энэ нь, шинэ намууд болон шинэ дэвшигчдэд өөрийгөө танилцуулахад дэндүү богино хугацаа. 2020 онд нэр дэвшигчид 21 хоногийн хугацаанд сурталчилгаагаа хийсэн. Одоо томсгосон тойрогт 14 хоног сурталчилгаагаа хийнэ. Энэ нь шинэ нэр дэвшигчдэд алдагдалтай төдийгүй сонгогчдын эрх ч зөрчигдөж байгаа асуудал гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Нэгэнт, томсгосон тойргоор сонгууль явагдаж байгаа учир хэвлэл, мэдээллийн байгууллагад том үүрэг оногдож байгаа.

-Иргэдийн зүгээс хуулийн яг ямар зүйл, заалтыг нарийн анзаарч, ажиглаж байх ёстой вэ?

-Сонгуулийн хуульд байгаа бас нэг чухал заалт нь сонгогч иргэн санал авах өдрөөс 14 хоногийн өмнө өөрийн нэрийн жагсаалтын мэдээллийг шалгасан байвал зохино гэдэг заалт байгаа. Улсын бүртгэлийн байгууллага дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өөрийнхөө сайтад иргэдийн нэрийн жагсаалтын цэсийг цэгцэлж гаргана. Иргэн хүн өөрийнхөө регистрийн дугаарыг хийгээд тэр мэдээллийг шалгах хэрэгтэй. Тэр мэдээлэл дээр би ямар хаягаар хаана сонгуулиа өгөх вэ гэдэг нь харагдана. Түүнээс гадна манай хаяг дээр хэдэн хүн саналаа өгөх боломжтой байна вэ гэдэг мэдээлэл нь гарч ирдэг. Тиймээс энэ мэдээллийг үзээд хаягийн давхардал байна уу. Буруу бүртгэгдсэн байна уу. Эсвэл огт бүртгэгдээгүй байна уу. Энэ мэтээр гарч ирдэг зөрчлийг шалгаж үзээд засуулах боломжтой.

-Сонгуулиа өөрийн биеэр ирж өгч чадахгүй байгаа нөхцөлд явуулын хайрцаг ажиллуулдаг нь хэвээрээ юу?

-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах нөхцөл нь хэвээрээ байгаа. Хэвтэрт байгаа болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтээр тодорхой нөхцөлд санал авах өдрөөс 3-5 хоногийн өмнө сонгогч өөрөө мэдэгдсэний үндсэн дээр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг авна.

-Сонгуулийн хар хайрцагтай энгийн сонгогч иргэд танилцаж болох уу. Сонгогчдод зориулсан тийм өдөр байна уу?

-Ер нь боломж бол байдаг. Сонгуулийн ерөнхий хороон дээр их, дээд сургуулийн оюутнууд ирж танилцаж байна. Бид талбай дээр зохион байгуулагддаг номын баярын өдөр гэх мэт олон нийтийн арга хэмжээний үеэр санал тоолох сургалтын тоног төхөөрөмжөө ажиллуулдаг. Хайрцагны дотор талыг ч гэсэн нээж үзүүлэх боломжтой.

-Бусад үед яах вэ. Иргэд сонгуулийн хар хайрцагтай танилцах тодорхой нэг өдөр байдаг уу. Эсвэл хэн дуртай нь хэзээ ч хамаагүй очиж болох юм уу?

-Урьдчилж мэдэгдээд очиж болно шүү дээ. Санал хураах өдрөөс өмнө төхөөрөмжөө шалгадаг. Тэр шалгах үйл явцтай танилцаж болно.

-Сонгууль өгөх үйл явц уламжлалт хэлбэрээр буюу өөрийн биеэр очиж өгөх, эсвэл зөөврийн хайрцгаар өгөх гэсэн хоёрхон аргаар явагддаг. Гадны зарим улс оронд цахимаар сонгууль өгөх аргыг нэвтрүүлсэн юм билээ. Нэмэлт өөрчлөлтөд энэ талаар оруулсан болов уу. Цахимаар сонгууль өгөх хэрэгцээ шаардлага нийгэмд байна уу. Энэ талаар ямар байр суурьтай байгаа  бол?

-Цахимаар сонгууль явуулах боломжийг Сонгуулийн ерөнхий хороон дээр судалж байгаа. Ерөнхийдөө хууль тогтоох байгууллага шийдчихвэл бид цахимаар сонгууль явуулах боломжтой.

-Энэ удаагийн сонгуулиар цахимаар явуулах боломж гарах болов уу?

-Энэ удаагийн сонгуулиар тийм боломж хараахан гарч амжихгүй.

-Иргэний харьяалал сонгуулийн үеэр асуудал болдог. Ялангуяа, залуучууд хөдөө, орон нутгийн харьяалалтай мөртлөө дийлэнх нь Улаанбаатар хот, томоохон төв, суурин газраа бараадан ажиллаж амьдардаг. Гэтэл сонгуулиа өгөхийн тулд хаана харьяалалтай байна, заавал тийшээгээ явах болдог. Иймэрхүү асуудлаас болоод алслагдсан сум, орон нутгийн залуучууд сонгуулиа өгөхгүй, сугараад үлдсэн байдаг?

-Яг өөрийнх нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн харьяалал буюу гэрийн хаягийнхаа дагуу сонгуулиа өгнө. Өөрийнхөө харьяаллын тойрогт байгаа нэр дэвшигчийг л сонгож байгаа шүү дээ. Хэрэв бүр боломжгүй бол сонгогчийнхоо шилжилт хөдөлгөөнийг хийлгэж болно. Санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шилжинэ.

-Ер нь залуучууд сонгуульд идэвхгүй оролцлоо гээд байдаг. Залуучуудын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхээ эдлэх, энэ соёлд сургах талаар хэн юу хийдэг юм бол?

-Залуу сонгогчдод сонгуулийн боловсрол хамгийн чухал. Ингэж үзсэн учраас бид олон улсын байгууллагатай хамтраад “Хариуцлагатай сонгогч” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 4000 орчим залуучуудыг сургалтад хамруулсан. Уг сургалтаар сонгуулийн өмнө, санал авах өдөр, сонгуулийн дараа юу хийх вэ гэдэг талаар сургалт орсон юм. Сонгогч ямар эрхтэй болон сонгуульд оролцохдоо ямар мэдээлэл унших ёстой, яагаад сонгуулийн жил эхлэхээр мөрийн хөтөлбөр судлах шаардлагатай вэ зэргийг сургалтаар танилцуулж ойлгуулсан. Залуучууд маш хэрсүү болжээ. Асуудлыг өөр өнцгөөс харж, асууж, тодруулж байсан. Үүнтэй адилхан бүх сонгогч мэдээлэлд хэрсүү хандах хэрэгтэй. Мэдээллийг нягталж, харах боломж бүгдэд байгаа шүү дээ. Сонгогчийн боловсрол гэдэг ганц төрийн байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагын хийх ажил биш. Сонгогч өөрсдөө маш сайн оролцоотой байх хэрэгтэй. Хэн нэгэн хүн сонгуульд оролцуулахгүй гэх мэтээр шалж байна уу, яагаад гэдгийг маш сайн  нягтлах хэрэгтэй.

-Гэхдээ иргэд сонгогчийн боловсролд биш хар машин саналын хуудсыг үнэн зөв тоолдог эсэхэд буюу сонгууль шударга явагддаг эсэхэд илүү эргэлзээд байх шиг заримдаа санагддаг?

-Хар машинд эргэлздэг хүмүүс бий юу гэвэл бий. Гэхдээ иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандмаар байна. Монгол Улс 2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжөөр санал авч байгаа. Саналын дүн зөрсөн нэг ч тохиолдол байхгүй. Хэрэв байвал нэр дэвшигчид яаж байх бол оо гэдгийг та нэг төсөөлөөд бодоод үзээрэй. Мөн хяналтын тооллогын 50 хувийг гараар тоолдог. Одоо хэрэгжиж эхэлсэн хуулиар, саналын хуудсыг 100 хувь гараар тоолохоор болсон. Ингэхээр уг нь ямар ч эргэлзээгүй болчихож байгаа юм, уг нь. Хэрэв зөрсөн тохиолдолд тулгах боломж намуудад бүрэн байдаг.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top