КАНВОН-2024 | М.Манлайжав 39, Х.Халиун 43-т орлоо

2024 оны 01 сарын 26

"Канвон-2024" олимпын уулын цанын слалом төрлийн уралдаан өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн слаломд 78 тамирчин уралдсанаас Австрийн М.Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртэв. Хоёр, гуравдугаар байрт Германы Ш.Грандинжер (1:38.08), Италийн Ж.Колломб (1:38.46) нар орсон юм.

Колломбын хувьд энэ олимпоос гурав дахь медалиа авчээ.Шведийн А.Хедин эхний гарааны дараа аман хүзүүнд явж байсан ч хоёр дахь гараандаа алдаа гарган хасагдсанаар хоосон хоцров.

Энэ өдөр цаг агаар хэдий тогтуун ч Олимпын зам мөс ихтэй байсан нь хүндрэл учруулж, маш олон залуу тамирчид замаа дуусгаж чадалгүй хасагдав.

Манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:50.60 минутын үзүүлэлтээр 78 тамирчнаас 43-торлоо. Тэрбээр өмнө нь жиант слаломын төрөлд 42-т жагссан билээ.

Эрэгтэйчүүдийн слаломын төрөлд 78 тамирчин уралдахад Их Британийн З.Кэррик-Смит 1:38.61 минутаар түрүүлж, "Канвон-2024" олимпын хоёр дахь медалиа авав. Тэрбээр өчигдөр жиант слаломын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Шведийн Э.Вестлунд (1:38.66), Францын Н.Хоут-Маршан (1:38.87) нар мөнгө, хүрэл медаль дээр буулаа. Энэ төрөлд уралдсан манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:29.56 үзүүлэлтээр 39-р байрт орлоо.

Үүгээр манай уулын цаначдын тэмцээн өндөрлөж байна.

Монголын багийн хувьд ирэх гурав хоног тэмцээн уралдаангүй бөгөөд 29-нөөс гүйлтийн цанын тамирчдын тэмцээн эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top