Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2023 оны 11 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй Вьетнамын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Эртний түүхэн улбаатай, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны харилцааны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлэв.

Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
 


Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буйг дурдаад айлчлалын үеэр байгуулж буй “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнам Улсаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Талууд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг дурдаж, айлчлалын үеэр Монгол, Вьетнамын бизнес форумыг Ханой хотноо зохион байгуулж буйг сайшаав.

Мөн цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг талууд онцлоод Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.
 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж буйг дурдаад энэ чиглэлд вьетнамын талтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Хоёр улсын төрийн тэргүүн нар НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотлов.

Хэлэлцээний дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.118.98) 2023 оны 11 сарын 02

S AWI80955877

0  |  0
Top