Инфляцыг онилох 2024 оны МӨНГӨНИЙ БОДЛОГО

2023 оны 10 сарын 31

Монгол банкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 он баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа.

Төв банк 2024 оны бодлого, үйл ажиллагаандаа инфляцыг онилж, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ гэлээ. Тиймдээ ч эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг  13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ инфляцыг зорилтод түвшинд хүрэх, ойртох хүртэл бодлогын хүүг чанга хэвээр байлгах бодлого барьж байна.

Инфляцыг зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс,  төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй тул эдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн стратеги, арга хэмжээг тодорхойлж, инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг бэхжүүлэхэд ирэх оны мөнгөний бодлогын үйл ажиллагаа чиглэж буй.

ГАДААДЫН БАНКНЫ САЛБАРТ ОРЖ ИРЭХЭД ДҮРМИЙН САН НЭХЭХГҮЙ

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд 2023 онд гадаадын банкны бие даасан салбар, нэгж байгуулах хууль эрх зүйн орныг бүрдүүлэх ажлыг эхлүүлж, Монгол Улсад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлжээ.

Цаашид Монгол банк гадаадын банкны салбар, нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг тухайн банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загварт нь тохируулан нарийвчлан тогтоож, шаардлагатай тохиолдолд хууль, журамд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгохыг зорьж байна.

Тухайлбал, өмнөх дүрэм, журмаар гаднын банк Монголд үйл ажиллагаа явуулах нь хаалттай биш байсан ч хатуу нөхцөлтэй байсан.

Өөрөөр хэлбэл олон улсад эхний 100-д ордог, эсвэл гурван А зэрэглэлтэй банк л Монголд орж ирэх боломжтой байв. Гэтэл энэ хэмжээний үнэлгээг дэлхий даяар эдийн засаг тогтворгүй үед дэлхийн томоохон банкууд төдийлөн авч чаддаггүй байна. Одоо энэ хатуу нөхцөлийг тавихгүй.

Мөн өөр нэг нөхцөл байсан нь гаднын банкны салбар Монголд орж ирэхэд Банкны дүрмийн сантай адил дүрмийн сан нэхдэг байв. Өнөөдөр дүрмийн сангийн доод хязгаар 100 тэрбум төгрөг буюу 30 гаруй сая ам.доллар. Тэгэхээр Монгол Улсад салбараа нээхийн тулд 30 сая ам.доллартой орж ирэх ёстой гэдэг хатуу нөхцөл байсан.

Харин одоо Монголд гаднын банкны салбар орж ирэх бол дүрмийн сан шаардахгүй буюу 30 сая ам.доллар шаардахгүй. Зөвхөн орж ирээд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх мөнгөө авчраарай, эсвэл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зөвшөөрөл авах бол мега төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөтэй байх ёстой гэдэг нөхцөл тавьж явна.

НОГООН ЗЭЭЛИЙН ҮР ДҮНГ ХЭМЖИХ ДАТА БААЗТАЙ БОЛНО

Монгол банк сүүлийн жилүүдэд тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг ирэх оноос хөгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Энгийнээр хэлбэл, Монгол Улсад нүүрс хүчлийн хийг багасгаж байгаа олон зүйл байгаа ч түүнийгээ гадагш зарж чадахгүй байна. Яагаад гэвэл түүнийг тооцож, баталгаажуулдаг, тайлагнадаг стандарт нь манай улсад байдаггүй.

Жишээлбэл, гаднын том авиа компаниуд дизель түлш хэрэглэдэг учраас агаарт СО2 буюу нүүрстөрөгчийн давхар ислийг маш ихээр цацдаг. Тухайн компаниуд үүнийгээ багасгах үүрэгтэй. Багасгах арга нь аль нэг газраас худалдаж авах буюу эрчим хүч, ус хэмнэж байгаа, нүүрсхүчлийн хийг багасгаж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Монголоос үүнийг худалдаж авахад бидэнд дээр өгүүлсэнчлэн түүнийг тооцож, баталгаажуулдаг, тайлагнадаг стандарт байхгүй учраас авч чаддаггүй байна. Тиймээс Монгол банк тухайн стандартыг тайлагнадаг дата баазыг бий болгох зорилт тавин 2024 онд хэрэгжүүлэхээр зорьж байна.

Үүнтэй холбоотойгоор банкуудтай хамтарч, тухайн гаргасан зээлүүдийг ногоон болон бор зээл гэж ангилж байна. Ногоон зээл олгосон бол түүнийг нотолж тайлангаа тавь. Ус, эрчим хүчийг яаж хэмнэсэн бэ, ингэснээр хэчнээн нүүрсхүчлийн хийг сайжруулсан бэ гэдэг тайланг авч, гадаад CO2 худалдаанд ороход баталгаажсан тайланг нь бий болгож өгье гэдэг онцлох зорилтыг тавьжээ.

Түүнчлэн хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top