ОЛОН ӨНГӨ | Илүү үг амьдралд нэмэргүй

2023 оны 09 сарын 15

Хорин насанд минь бурханаас өгсөн хамгийн том бэлэг бол хүү минь. Хэвлийд минь бяцхан зүрх цохилох нь  амьдралаас  авч  байсан хамгийн гоё мэдрэмж. Ирээдүйд хэрхэн өсгөх билээ, ямар хүн болгох вэ гэж бодох төдийд л тархи, зүрх минь  хайраар бялхана. Нөхөр бид хоёр бие биедээ их хайртай. Мэдээж тэр миний анхны хайр учраас би түүндээ анхны бүхнээ зориулсан. Тэр минь ч үүнийг мэддэг болохоор намайг  хайрлаж хүндэлдэг.

Анх хүүхэдтэй болсноо мэдээд ийм залуухнаараа хүүхэдтэй болчихлоо гээд хэн хэн нь гайхаж шоконд орж байж билээ. Гэхдээ бидний хэн нь ч хүүхдээ авхуулах, үгүй хийх талаар бодож байгаагүй. Бид хоёрын хувьд төлөвлөөгүй зүйл байсан ч хүүхдээ аз жаргалтай амьдруулах, сайн хүн болгож өсгөх итгэл найдвар дүүрэн байсан болохоор төрүүлэхээр шийдсэн. Хоёр талын эцэг, эхдээ жирэмсэн гэдгээ хэлэхэд баяр хөөртэй хүлээн авч цаашид яахаа ярилцаж, удахгүй мэндлэх шинэ хүнээ угтаж авахад бэлдэж билээ.

Гэхдээ хүмүүс намайг жирэмсэн гэдгийг мэдэж эхлэх үеэс би гэдэг хүн сэтгэл санааны хямралд орж эхэлсэн. Яагаад гэвэл нүүрэн дээр минь муулж ярихгүй ч араар минь муулж байгааг мэдээд. Жишээлбэл “өөрсдийнхөө учрыг ч олоогүй байж юун хүүхэд, одооны хүүхдүүд замбараагүй, хар нялхаараа гэдсээ чирээд, сургууль соёлоо төгсөөгүй байж, ямар ч орлогогүй, одоо эцэг эхээ зовооно” гэх мэт үгсийг хамаатан садангийнхан, таних танихгүй хүмүүсээс сонсох нь их хүндээр тусаж байсан.

 Бид хоёр хэдий сургуулиа төгсөөгүй ч найз залуу маань  гэрийн багш, англиас монгол руу орчуулга хийж, хүргэлтийн ажил эрхэлж мөнгө олдог. Харин би хувцас, гэр ахуйн бараа зэргийг онлайнаар захиалж, түүнийгээ зарж борлуулж  мөнгө олдог. Хоёр талын эцэг эхээсээ санхүүгийн хувьд хараат бус байж эцэг эхдээ ачаа болохгүй явж ирсэн. Бяцхан үрийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байхад хүмүүс юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор ярьж муулах нь утгагүй. Хүн ер нь өөрийнхөө огт хараагүй,  мэддэггүй зүйлийнхээ талаар  мэддэг юм шиг ярих нь  инээдтэй, бас эмгэнэлтэй  санагддаг. Энэ үгээр  охидыг эрт жирэмсэн болоорой гэсэн утга санааг илэрхийлсэнгүй. Бусдын амьдралд илүү үглэх,  хошуу дүрдэг зангаа засаасай гэж хэлэхийг хүссэн юм.

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zuv(202.9.41.22) 2023 оны 09 сарын 15

Zuv

0  |  0
Top