Ш.Чимэдцэеэ: Миний монголоо гэсэн сэтгэлийг мэдэх албагүй ч хилийн хориг тавьснаа хэлэх ёстой

Админ | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

Ардын жүжигчин Ш.ЧИМЭДЦЭЕЭ-тэй уулзаж ярилцлаа. Тэрбээр хилийн хориг тавиулсны улмаас гадаадад зорчих эрхгүй болжээ.



 

-Монголчуудын хайрлаж, хүндэлдэг дуучин хилийн хориг тавьсныг  мэдэлгүй нисэх буудалд очоод гацсан мэдээг хүмүүс их гайхан, харамсан хүлээж авсан. Энэ талаар танд яагаад мэдэгдээгүй юм бол?

-Тэр өдөр Монголын бизнес эмэгтэйчүүдийн холбооныхонтой Чэжүд очиж дуулах ажилтай нисэх буудал дээр очсон. Хоёр уулзалтад дуулах урилга авсан юм л даа. Хөлс мөнгө нь мэдээжийн хэрэг надад ихээхэн дэм болно. Гэхдээ миний ажлын хөлс ч бас чухал биш. Би үнэндээ ийм хориг бийг даанч мэдээгүй очсон. Мэдсэн бол муухай царайлаад тэнд очихгүй шүү дээ. Үнэндээ цаад хүнийг нь мэдэх учраас би санаа зовоогүй. Хамгийн гол нь маш олон хүний, бүгдийнх нь гэж хэлэхгүй ээ, Монголын ард түмний нэлээн хэсгийг нь энэ мэдээ зовоосон. Яагаад энэ хүнийг дуулуулахгүй, явуулахгүйд хүрэв гэсэн асуулга ингэж бий болсон. Зарим нь уйлж байсан.Нисэх дээр ч хүмүүс уйлсан. Би бол уйлаагүй ээ. Би үнэндээ тэнэг хүнд гомддоггүй. Миний хамгийн гол ярих зүйл, хөндөх асуудал  бол шүүх нэгэнт ийм шийд гарсан, ШШГЕГ түүнийг нь биелүүлэх үүрэгтэй юм бол ийм хориг тавигдсан гэдгийг муу сайн, муухай сайхан, дээр доор гэхгүй Ерөнхийлөгч, Чимэдцэеэ хоёрыг ялгалгүй яг ижил дуулгах учиртай байсан. 

-Та хилийн хоригтой байснаа шалганы штамп дардаг албан хаагчаас мэдсэн үү?

-Хилийн штамп даруулах гээд очтол шалганы алба хаагч намайг хараад л байсан. “Сайн байна уу” гээд мэндэлсэн. Таньж байгаа л даа. Тэгээд “Та хилийн хоригтой байна, хоёулаа тийш очиж шалгая” гээд дагуулаад явсан. Ойрхон, дахин нягталдаг газар бололтой. Тэнд дарга дээрээ дагуулаад орж буй бололтой. Тэгээд би Нийслэлийн ШШГГ-ын Базарсад гэсэн байх, тийм хүнтэй ярьсан. Үнэндээ жаахан ширүүхэн ярьсан. Надад туслах гэсэн хүмүүс ч байсан, тэд бас ийш тийшээ ярьсан юм билээ.

Хамгийн гол нь шүүх хориг тавьсан, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлдэг юм бол хоригт орсон хүндээ яагаад мэдэгддэггүй юм бэ. Үүнд л гайхаад байгаа юм. Тэгээд л “За буцъя, яс горьдсон нохой биш энд байж юугаа хийх вэ, ойлгомжтой байна” гэж шийдээд гарсан.

-Хоригийн талаар мэдэгдэх үүрэгтэй байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан танд энэ үйл явцыг юу гэж тайлбарлаж байх юм?

-Нисэх буудалд болсон явдлын маргааш Базарсад гэж хүн над руу “Та миний нэрийг андуураад энд, тэндгүй ярьсан юм шиг байна. Та хэзээ тоглолтоор явах вэ. Хилийн хоригийг чөлөөлж өгье. Харин та хэзээ ирэх вэ” гэж асууж байгаа юм. Би ердөө дөрөв хоноод ирэх байсан. Намайг бараг “Хугацаандаа ирэх үү, цаашаа явчих юм биш биз” гэсэн хандлагатай ярьсан л даа. Би ганц хүүтэй, миний хүү гурван хүүхэдтэй, бэр минь бурхан болсон юм. Гэвч залуу хүн учраас хоёр хүүхэдтэй бүсгүйтэй танилцаад амьдралаа эхлүүлсэн. Ингээд дахиад нэг хүүхэд гарч, би зургаан ачтай болсон.

Би худлаа ярихгүй ээ. Надад илүү орлого бас орж ирдэг. Би энэ зургаан ачид хувь нэмрээ оруулах ёстой. Ач нараа хүний, өөрийн гэж ялгахгүй. Миний бэрийн хоёр хүүхэд намайг Гөеө гээд сүйд болдог юм.Ганц үр, зургаан ачаа, тэднийг минь асарч, тойглодог бэрээ, ах дүүгээ хаяад би хаачих вэ дээ. Би Монгол орноороо хөндлөн гулд аялан тоглож, дэлхийн 41 улсын урлагийн алтан тайзанд дуулсан. Шуургатай, шороотой ч байсан Монгол минь сайхан гэдэг, ийм сэтгэлтэй хүн. Миний энэ чинхүү сэтгэлийг хүмүүс мэдэх албагүй ч надад хориг тавьсан гэдгээ хэлэх учиртай. Яах вэ, бас тэр хүний буруу биш байж болно. Өмнөх хүн нь ийм шийд гаргасан, мэдэгдэх ёстой хүн нь мэдэгдээгүй зүйл  болсон байж ч магадгүй. 

Би түүнээс “Хэрэв хэн нэгэнд хилийн хориг тавьсан бол заавал мэдэгдэх ёстой юм байна. Үүнийг надад яагаад хэлээгүй юм бэ” гэж асуухад “Манайх буруу шийдвэр гаргажээ” гэж хариулсан. Би Түвшинжаргалын толгойг, ухааныг мэднэ. Түүний толгойтой шүүх, шийдвэр гүйцэтгэдэг газрын толгой дүйж, бараг ижил болж. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үнэндээ би шүүхэд ч, Түвшинжаргалд ч өртэй хүн биш гэдгийг монголчууд маань мэдэх байх. Яах вэ, хууль нь ийм байна. Чи хөрөнгөтэй л бол хохь чинь. Хөрөнгөтэй л бол хэзээ ч гэрлэсэн хамаагүй, хоёр тийшээ болж байгаа л бол хөрөнгийнхөө хагасыг нөгөө этгээдэд өг гэсэн ийм хууль үйлчилж байна. Хууль нь ийм юм гээд би 50 хувиа өгч яваа.

-Гэр бүл салалт, хөрөнгийн маргаан, шүүхийн шийдвэрийн дараа та хамт амьдарч байсан хүндээ 200 сая төгрөг төлөх болсон. Асуудлыг гурван шатны шүүх авч хэлэлцсэн гэсэн. Таны маргаан дээр хэн гэдэг шүүгчид ажилласан юм бэ?

-Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан.“Түвшинжаргал гуай танд энэ айлаас авах юм байхгүй байна. Байр ч байхгүй, гэрийн эд зүйл болох хивс, угаалгын машин, тоос сорогч, булган дээл ч байхгүй гэж. Үүний дараа Түвшинжаргал давж заалдахдаа бусдад нөлөөлсөн байх. Миний өмгөөлөгч хүртэл “Энэ хэргийг өмгөөлөх ямар ч нөхцөл алга, би чадахгүй” гэж хэлээд давж заалдах шүүх хуралд оролцоогүй. Өмгөөлдөг хүнд шийдэлцэж болохгүй асуудал гэж байдаг бололтой. Эсвэл нөгөө талд орсон уу, мэдэхгүй. Тэр үед Түвшинжаргалтай их удаан уулзлаа гэж дуулдаж л байсан. Би дууны төлөө дүүлж явсан хүн. Дуу ч намайг дүүлүүлж явлаа, би ч дууны төлөө дүүлж явлаа. Гэв гэнэт хуулийн буулга хүзүүн дээр бууж ирээд намайг газарт дарчихсан.

-Хэн гэж өмгөөлөгч байсан юм?

-Бадамханд гэж эмэгтэй байсан.

-Давж заалдах шатны шүүх дээр хэн гэж шүүгчтэй таарсан юм бэ?

-Хэрэг явдал болоод өнгөрсөн, олон жил болсон учраас би мартжээ. Одоо тэрийг сөхөөд бид дийлэхгүй. Би тэр хүний хүссэн, баяжих гэж мөрөөдсөн, хөрөнгөжих гэсэн мөнгийг өгөөд бараг дуусаж байна. Өгнө, одоо ч өгнө. Гэхдээ тэтгэврээрээ  л төлж байна.

 

ШҮҮГЧ ИЛЭРХИЙ НӨГӨӨ ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ  БАЙСАН

 

-Одоо хэд орчмыг өгөхөөр байгаа вэ?

-Одоо бага юм үлдсэн. Нэхсэн 200 саяас нь 10 гаруй сая л үлдсэн байх. Би 10 сая төгрөг төлөхгүй зугтаад, алс явчих хүн мөн үү. Тэгж бодож хориг тавьсан юм шиг байгаа юм. Гол нь энэ байрыг авах хүсэлтэй байсан. Энэ байранд би 2005 онд Ардын жүжигчин болоод орж байлаа. Тэр үеийн үнээр бол 62 саяын өртөгтэй. Олон жил болсон барилгад элэгдэл, хорогдол бас гарна. Би энэ жил, сая л нэг засвар хийж чадлаа. Гэвч шүүх бодит байдлаас хол зөрүүлээд хэт өндөр үнэ тогтоосон. “Яагаад ийм өндөр үнээр үнэлэв” гэж би асуугаагүй биш асуусан.Шүүгч “зах зээлийн үнэ” гэж хэлж байна билээ. Шүүгч илэрхий нөгөө талд үйлчилж байгаа нь харагдаж л байсан.

-Хөрөнгийн маргааныг шүүхээр хэлэлцэхээс өмнө ч, дараа нь ч та хамт амьдарч байсан хүний хувьд Түвшинжаргал гуайд асуудлыг эвээр, байх ёстой зарчмаар шийдэх ёстойг сануулж, хэлж үзсэн үү?

-Үзсэн, үзсэн. “Би чамаас нэгэнт л авах гэсэн болохоор авна гэснээ л авна” гэж хариулсан. Миний бүх данс хоосорч, гэрийн минь хаалган дээр бөөн шүүхийн шийдвэрийн хуудас нааж, амар тайван байх ямар ч бололцоогүй болмогц би Сүхбаатарынхаа “Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэмд дуулгасан. Өөр арга байгаагүй. Тэр үед миний бие ч жаахан тааруу байлаа. Бас жолоочтой байсан юм. Жолоочоосоо 10 мянга, эгчийнхээ охиноос 20 мянган төгрөг зээлээд, гэрээсээ ердөө 30 мянган төгрөгтэй гарч хөл дээрээ дахин босож ирсэн. Тэр үед ээжийнхээ үргэлж хэлдэг байсан “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сайхан үгийг тал талаас нь бодсон. Үнэхээр ч эзэн дээл хувцсаа арчаагүй авч явбал хувцасны заяа гомдоно, мөнгө төгрөгөө арчаагүй авч явбал мөнгөний заяа гомдоно гэж ярьдаг шүү дээ.

Тэрнээс хойш өмгөөлөгчид ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ч “Та хоёр уулз, уулзаад ярилц” гэж зөвлөөд уулзуулж өгдөг юм. Тэгэхэд тэр хүн маш олон хүний өмнө “Нэгэнт миний нүүрийг дэлхийгээр нэг шившиг болгосон юм чинь би авах гэснээ л авна” гэж хэлсэн. Тэр хүн олон жил юу санаж, юунд зүтгэж ирсэн нь ойлгомжтой байгаа биз. Гэхдээ Түвшинжаргал шиг тэнэг хүнд гомддог нь би биш.   Ухаантай хүнд бол гомдоно. Надад ухаантай найзууд бий. Амьдрал л юм хойно, хүмүүсийн харилцаа учраас бидний дунд янз бүрийн асуудал бас гарна. Би тэдэндээ бол гомдоно, гомдлоо гаргана. Найзууд маань мэднэ. “Би буруу юм хийчихлээ, Чимэдцэеэ буруу юм хийлээ” гэдэг ч юм уу мэднэ, мэдээд алдаагаа засна. Би муйхар талдаа. Тэнэг хүнд бол гомдохгүй.

-Цаг хугацаа хурдан өнгөрч. Гэсэн хэдий ч танд хэрэг явдлын сураг ажиг дуулддаг л байх. Давах болон хяналтын шатны шүүхэд Түвшинжаргал ингэж нөлөөлсөн гэдэг ч юм уу, ийм мэдээ танд сонсогдож байв уу?

-Олон л юм дуулдаж байлаа. Би өөрөө ийм яриа тоодоггүй хүн. Ерөөс том, жижиг аливаа юмсыг багтаасан яриа, дайвар зүйлсийг бүхий л амьдралынхаа турш  авч хэлэлцэж явсангүй. Хэрэв хүмүүсийн үг яриаг сонсож, ач холбогдол өгч, энэ  юугэчихэв, яав гэж бодож, ухаж дадсан бол өнөөдөр ийм байдалтай болж, тэр хүний шуналтай зууралдахгүй байжээ.  

-Тэрбумаар хэмжигдэх авлига сонсогдож, тэр хэрээр шүүхийн авлига өндөр гэцгээх болж. Энэ хэрэв үнэн бол 200 саяыг нэхсэн хүнээс шүүхэд өгөх их юм гарахгүй ч юм шиг. Шүүгчдэд эсрэг талд зогсох ямар шалтгаан байсан юм бол?

-Би худал ярихгүй, тийм шаардлага ч байхгүй. Гэхдээ Түвшинжаргал Х.Баттулга Ерөнхийлөгчтэй нэг жинд барилддаг, бэлтгэл хангагч нь байсан.

Түвшинжаргалыг Ардын жүжигчин битгий хэл дуучин гэдгийг нь мэдэх хүн байхгүй шахам байхад л тэр Ардын жүжигчин болсон. “Улны” гэлээ гэгчээр ингээд давхар Ардын жүжигчдийн нэр хүндийг ч уланд хаячихлаа л даа. “Өө Түвшинжаргалтай л ижил юм, харлаж хоцор” гэсэн ойлголт төрүүлдэг болох нь байна шүү дээ.

-Х.Баттулга Ерөнхийлөгч нөлөөсөн байх юм бол уу?

-Х.Баттулга Ерөнхийлөгчийг ийм асуудалд оролцсон гэж боддоггүй. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэгчлэн нэрийг нь бариад явсан болов уу. Хүн нь өөрөө тийм юм хийж чадах учраас... Хүн муу хэлэх, худлаа хэлэх хоёрт бол гаргууд сайн, бүр зохиолч шиг юм шүү дээ. Би ямар сайндаа өөрт нь “чи мэргэжлээ буруу сонгож” гэж хэлдэг байсан юм. Би бас учиргүй бусдад танигдаагүй хүн биш. Айхтар том хүн ч биш, бас учиргүй муу юм хийгээд явдаг хүн биш. Болох болохгүйн талаар тунгаадаг, үр хүүхэд тэднийхээ ирээдүйг бодсон ч муу юм хийж чадахгүй. Ийм хүнийг бол нухчаад дардаг юм байна. Харин муу юм хийж чаддаг хүнээс бол нэг их зэнзийрхэхгүй  байжмэдэхээр цаг үе иржээ. 


НАМАЙГ МӨЛЖИХ Л ГЭЖ  ИРСЭН ЮМ БИЛЭЭ

 

-Ярихад таатай биш сэдэв хөндөж, тэр хүний талаар асууж байгаад уучлаарай. Та тэр хүнтэй хэдэн жил амьдарсан юм бэ?

-Манайхыг нэгдүгээр хороололд байхад л ирж, очдог болсон. Нэг зун хоосон цүнхэнд оо, сойз хоёр хийчихсэн манайд амьдарна гээд хүрээд ирсэн. Би бол үнэндээ хүрээд ирлээ гэж бодсон. Тэгсэн ердөө л намайг мөлжих л гэж ирсэн юм билээ. Гэхдээ тэр өдөр Түвшинжаргал гэрийнхэндээ “бөхийн бэлтгэлд гарлаа” гэж хэлээд гарсан юм билээ.

-Гэрлэлтээ батлуулах санаа­чилга хэнийх байсан юм бол?

-Олон жилийн өмнө манай СӨХ-ны дарга, өмнө нь бүжигчин байсан бүсгүй надад “Түвшинжаргал, түүний эхнэр хоёр худлаа салсан юм шиг байна” гэж хэлж байсан юм. Баруун аймгийн хүн, намайг бодвол сүрхий хүн л дээ. Би тэгэхэд “Яалаа гэж тийм байх билээ” гэж бодоод өнгөрсөн. Тийм гэгээн явсандаа би хохирсон байгаа юм. Үнэндээ тэр хоёр худлаа салсан юм билээ. Одоо тэгээд “хүний муу гэртээ, хүүхний муу ээждээ” гэдэгчлэн хуучин эхнэр дээрээ байгаа гэж дуулдсан. Би бол мэдэхгүй, сонирхдоггүй. Хүмүүсээс л сонсож байгаа юм. Аа харин олон эхнэр сольсныг бол мэднэ.

 

 

-Хэдэн онд, хаана гэрлэлтээ батлуулсан юм бэ?

-Манайд ирж, очиж явж байгаад энэ байрыг авсны дараа гэрлэлтээ батлуулъя гэдэг болсон. Нэг өглөө 08:00 цагт гэв гэнэт намайг дуудаж сэрээгээд, дагуулаад гарсан. Би хаашаа явах гэж байгааг ч асуугаагүй. Итгэдэг байсан л даа. Тэгээд Гэрлэх ёслолын ордонд очсон. СХД-ээс нэг хүн дуудаад авчирсан байсан. Би мэдээгүй учраас гэрээсээ нэг хариугүй муу дээл өмсөөд гарснаа санаж байна. Одоо бодоход анхнаасаа зохион байгуулалттай байж.

-Тухайн үед энэ хандлагыг та хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Ингээд насан туршдаа амьдрах юм даа. Хоёр хүүхдийг нь амьдрал руу аятайхан хөл тавиулж, сургуульд оруулна гэж бодож байсан. Түүний хүү Энхбат гэж дуучин залуу бий. Өөрөө сайхан хоолойтой ч шалгалтад унаад байхаар нь би оросуудтай ярьж байж тэнцүүлээд ОХУ руу сургуульд явуулсан. Төлбөрийг нь бүрэн төлсөн гэж хэлэхгүй ээ, гэхдээ төлөлцөж л явсан. Үнэхээр үр удмаа бодохгүй ийм л ухвар мөчид хүн дээ. Би их сонин хүн. Тэнэг юм уу гэхэд үгүй. Гэхдээ өөр санаатай. “Өөдөөс хуцсан нохой болгон руу чулуу шидвэл очих газраа хүрэхгүй” гэдэг үг байдаг. Ийм л бодолтой хүн. Төрж өссөн орчин, их урлаг, дуу намайг ийм гэгээнээр цайлган болгож орхиж. Гэхдээ Түвшинжаргалаас салсандаа харамсдаггүй, харин ч баярладаг. Тэр төрүүлсэн хүүхдүүд, эхнэртээ очсон бол сайн байна. Хамгийн гол нь эр хүн шиг тулхтай, хүний юманд үргэлж шунаад байхгүй, буяны юмыг дундаас нь идэхгүй ийм л явбал дүүрч.


ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭЭД НЭХСЭН МӨНГИЙГ НЬ ӨГЧ БАЙГАА

 

-Ийм хэмжээний хөрөнгө нэхээд буцсан хүн өмнө нь, цаг хугацааны явцад өөр ямар нэгэн юм сонирхож байсан байх магадлалтай юм шиг?

-Би өдийг хүртэл муу санаагүй, сэтгэлдээ муу санаа суулгаагүй явж ирсэн. Амьдралын явцад үзсэн, туулсан нь нөлөөлж хүмүүс янз бүр болж өөрчлөгддөг байх. Гэхдээ ийм эмэгтэй хүнээр тэжээлгэнэ, хүний хөрөнгөтэй нөхөрлөнө гэж боддог хүмүүс цөөн байдаг байх. 1999 онд би Японд очиж дуулаад ирэхдээ 10 мянган ам.доллартой ирсэн юм. Бас  ганц нэг виски ч авчирсан. Тэгтэл мань хүн өнөө вискиг уугаад агсам согтуу тавьдаг юм. Ерөнхийдөө тиймэрхүү хүн л дээ.Тэр үед манайх нэг муу ногоон сейфтэй байлаа.Түүнийг уудлаад мөнөөх 10 мянган ам.долларыг аваад явчихсан. Гэрлэнэ гэж 1997 онд ирээд, дараа нь ийм юм боллоо. Тэр өдөр манай хүү тэднийд байж таарсан. Хүүхдүүдийнх нь ээж Солонгост ажилладаг. Манай хүүхэд, тэдний хүүхдүүд ойр байлаа. Би хүүхдүүдийг нь бол тэжээж байсан, мэдэх хүмүүс мэднэ. Хүү маань тэднийд байж таарч, тэдний том хүү манай хүү хоёр нөгөө мөнгийг аваад ирж байсан юм.  

Түвшинжаргал надад “Би саунд сууж их зовж байлаа, энэ улс чинь гэртээ саунтай болсон юм байна, тэгж жаргаж саунд сууж үзэх сэн” гэж ярьдаг юм. Би их сонин сэтгэлтэй хүн. Тав тух бодож л байгаа байлгүй гээд Гачууртад гурван давхар саунтай байшин барилаа. Тэр үед түүнд учиргүй дээрэмдүүлээгүй, гайгүй мөнгөтэй байсан л даа. Байшингаа бариад орсон ч тэр эхнэр рүүгээ ирж, очоод  л байдаг байсан. 

Нэг удаа би Торонто руу тоглолтоор олон хоног явлаа. Тэр үед нутгаасаа найз Борынхоо дүүг, ганц бие бүсгүйг авчраад гэртээ үйлчлэгч хийлгэж байсан юм. Тоглолтоос гэртээ ирэхэд цай, хоол болоод гайгүй шүү угтсан гэрийн үйлчлэгч маань уйлж байна.“Юу болов” гэтэл “Түвшээ ах ирээд сейфийн түлхүүр авч, дотор нь байсан бүх мөнгийг аваад явчихлаа” гэсэн. Дотор нь 3000 ам.доллар, 5-6 сая төгрөг байсан байх. Би хүмүүс шиг мөнгө төгрөг өсгөнө гээд цааш нааш  хийгээд байдаггүй байсан юм. 

Бас Гачуурт дахь байшингийн хөрш маань “Түвшинжаргал эхнэрээ, охиноо дагуулаад зах дээр тавилга үзээд явж байх юм” гэж хэлдэг юм. Ийм юм сонсоод 13 дугаар  хороололд байдаг гэрт нь яваад очсон. Тэгсэн чинь гэрийнхээ бүх тавилгыг сольчихсон байсан. Тэр ердөө ийм л  хүн байсан. 

Одоо үүнийг уншиж байгаа уншигчдын зарим нь “Зөв шүү дээ, мөнгөтэй хүүхэн дээр дөрөөлж амьдралаа дэмжих ёстой” гэж бодно, “Өдий насны хүн байж Чимэдцэеэ асуудлыг ямар олон жил ярьдаг юм бэ” гэх хэсэг ч гарч ирнэ. Намайг “Авах гэснийг нь зүгээр л өгөөд явуулчихгүй яасан юм” гэж зарим нь шүүмжилдэг юм билээ. Гол нь ийм шударга бус хандсан учраас хөндөж байгааг ойлгоорой. Өгөх албагүй ч шүүхийн шийдвэрийг хүндэтгээд нэхсэн мөнгийг нь өгөөд явж байхад хилийн хориг ч бас юу билээ. Энэ болгоныг хүн ёсны талаас нь бас тунгааж харахыг хүсэж байна.

-Танаас хивс, булган шуба зэргийг хүртэл нэхсэн гэсэн. Тэр бүгдээ авсан уу?

-Булган шуба, хивс аваагүй ээ. Миний Сүхбаатар аймгаас хотод анх нүүж ирэхдээ авчирсан хивс, будаа агшаагчаар яах гэсэн юм бол. Гол нь ийм бодолтой хүн хэзээ ч зөв талын саванд орохгүй. Зүүн савны хүн баруун саванд орно гэж хэзээ ч үгүй. Сайн хэлээд ч, муу хэлээд ч орохгүй.

-Тэр хүний санаа сэтгэл хямарч, хүн л юм чинь хааяа бас байж суухад хэцүүхэн болдог байх даа гэж бодогдох юм?

-Түүний санаа ийм юманд ердөө зовохгүй. Миний зөв гээд бөөн инээд ханиад болоод л явна. Хүн нь тийм юм байгаа юм. Ганцхан жишээ хэлье. Төрсөн дүү нь улсын харцага Даваадорж гэж байлаа. Тэр хүн нэлээн удаан өвдөж байгаад бурхан болсон юм. Тэр үед би тэднийхэнтэй их ойр, заримд нь мөнгө төгрөг зээлүүлж, энэ нүүрийг ашиглаад заримыг нь хүмүүстэй уулзуулж чадахаараа тусалдаг байв. Би худлаа ярихгүй ээ. Дүүг нь бурхан болсны дараа бид хоёр нэг үдшээр гэртээ орж яваад орцондоо нутгийнх нь хүнтэй таарсан. Цэрэндорж гэж тэр айлынхан манай энэ байрны хоёр давхарт амьдардаг юм. Бид шатан дээр таарч, дүүг нь бурхан болсон тухай хэлэхэд Цэрэндорж “Та нар нэг нутгийн хүмүүс байж надад хэлэхгүй яасан юм бэ, хойдын буянд нь зориулаарай” гээд 240 мянган төгрөг гаргаж өгсөн.Энэ бол тэр үедээ чанга мөнгө. Тэр боломжийн хүн л дээ. Гэтэл мань хүн тэдэндээ 40 мянгыг өгөөд, 200 мянгыг өөрөө аваад үлдсэн. Цаана нь хардаг юм байдаг, бурхан шашин, буян нүгэл гэж мэдэхгүй ийм хүнтэй ярих юм байдаггүй юм билээ. Тэр хэнд ч ингэж хандах хүн.

 

ХӨРӨНГӨТЭЙ ХҮН ХОХИРОХ ЁСТОЙ ГЭСЭН ХУУЛЬ БАЙЖ БОЛОХГҮЙ

 

-Асуудал хэдийгээр таных ч үүссэн кэйс  ньнийгэмд, залууст, цаг үедээ том жишээ болж байна. Итгэл найдвар төрүүлж ирээд, тэр хүнийхээ хөрөнгөөс таслаад авч байгааг залилантай адилтгаж болмоор ч юм шиг. Хууль нь бас энэ нөхцөлийг бүрдүүлсэн ч юм шиг?

-Энэ бол залилан мөн. Залиланг дэмждэг шүүгч бас байна. Энэ улс, энэ улсын гурван сая хүн гэр бүлээс бүтдэг. Энэ улс орны цөм нь гэр бүл. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч гэр бүлтэй. Тийм учраас Гэр бүлийнхээ хуульд өөрчлөлт оруулж, шүүх засаглал, Түвшинжаргал хоёрын толгой ижилхэн тэнэг байгааг ялгаатай болгох алхмыг хиймээр байна. Энэ бол нийгэмд үгүйлэгдэж байгаа зүйл. Гэр бүлийн хуулиа эргэж заавал харах ёстой. Хэрвээ болохгүй бол хэдэн хүүхэн дагуулаад Талбай дээр суудаг юм бил үү ч гэж бодож байгаа. Хөрөнгөтэй хүүхэн, хөрөнгөтэй эр хүн хохирох ёстой гэсэн хууль, эрх зүйн орчин байж болохгүй.

-Таныг социализмын үед дуугаараа Улсын валютын санг бүрдүүлж байсан гэдэг. Тэр тухай таны амнаас сонсмоор байна?

-Цагтаа улсын валютыг бүрдүүлж явсан.Урлагийнхнаас социализмын үед барууны орнуудаар, Европоор, Азийн орнуудаар гээд очиж тоглоогүй, яваагүй орнууд цөөхөн дөө. Тэр үед хэдхэн хүн л  валютыг бүрдүүлдэг байлаа. Манай Норовбанзад багш, Норовсамбуу гээд тоотой хэдэн хүн байв.Тухайн үед бид дэлхийн томоохон тайзанд  гэрээгээрдуулдаг байсан. Намайг 10 мянган ам.доллараас доош үнэлж дуулуулж байгаагүй ээ. Гэхдээ тэр мөнгийг гэрээний дагуу би өөрөө гарынхаа үсгийг зураад авдаг байсан ч улсын дансанд шууд тушаадаг байлаа.Тухайн үед Соёлын яамны гуравдугаар хэлтэс гэж байв. Тэр хэлтсийн Баатархүү гэдэг хүн голчилж биднийг ахалж явдаг байсан. Би мөнгөө гарын үсгээ зураад цүнхэндээ авна. Тэр хүн дагуулж яваад тухайн улсын газрын банканд очоод Монголын дансанд хийдэг. Ийм цаг үе байв. Зарим гэрээнийх нь  хуулгаодоо ч байдаг. Нэг тоглолтоос овоо их валютыг эх орондоо авчирч дээ.

-Монголын нэг тод уран бүтээлчийн хувийн амьдрал, амжилт, баяр гуниг хүмүүсийн зүрхэнд ойр тусаж байна. Ийм зүйл үзэж туулсан хүний хувьд нийгэм рүү, охид, залуус руу чиглээд, тэдэнд амьдралын ухаанд нь нэмэр болох хэдэн үг хэлэхгүй юу?

-Бүх л юм авьяас. Нягтлан бодогч, жолооч, лангуун дээр юм зараад сууж байгаа хүнд ч ажлын онцлогтой уялдсан авьяас бий. Ер нь бол хүн болж төрснийх, ядахдаа гараад ирдэг бол сайн. Үгүй бол гэр бүлдээ сэтгэл дүүрэн байх орчин бүрдүүлбэл сайн. Эхнэр, нөхөр ч бай нэгийгээ хүлээн зөвшөөрч, “бид энэнийхээ л хүчээр амьдарч байна” гэж үнэлдэг, хайрладаг, даган дуурайдаг ийм чанартай байхыг зориосой гэж бодож байна.

-Хүн чанарын тухайд, хүнийг таних тал дээр?

-Хүнийг танина гэдэг хэцүү. Танигдахгүй гээд өөрийгөө нуугаад ирдэг хүн ч байдаг гэдгийг би өөрийн амьдрал дээр үзлээ шүү дээ. Тэгэхээр хүнийг ингэж тань гэж хэлэх нь маш хэцүү. Гэхдээ яаж ийгээд л танихыг хичээх хэрэгтэй юм билээ. Орчин цагийн хүүхдүүд биднийг бодвол сүрхий болсон.Чиний төлөө юу хийж байна вэ. Тэр хүн өөрийнхөө төлөө зүтгэж байна уу, чиний төлөө байна уу гэдгээс ялгаа нь харагдах байх.

-Хорвоотой танилцсан түүх гэдэг шиг таны дуутай танилцсан түүх, дуу гэж ийм гайхамшигтай гэдгийг мэдэрсэн тэр үеэ дурсахгүй юу. Таны хүүхэд нас руу очмоор санагдлаа?

-Миний ээж 13 хүүхэд төрүүлж өсгөсөн, их  сайханхоолойтой хүн байлаа. Хонь сайхан тойглоно, дүү нарыг сайхан бүүвэйлнэ. Жил жилийн намар манайх өвлийнхөө аргалыг тэмээн тэрэгтэй явж түүдэг байв.Ээж минь аргалд явахдаа их дуулна, маш гоё хоолойтой. Шивээн толгой найгаад л, хонины нуруу гүвэлзээд л...  Тэр үед өвс их өндөр ургадаг байж. Хажууд нь би жижигхэн шээзгий үүрээд гүйж явдаг байсан. Тэр бол миний амьдралдаа үзсэн хамгийн анхны концерт. Яг ийм намрын өдрөөр л би ээжийгээ дагадаг байв. Ээж минь “Хүрэн толгойн сүүдэр”, “Алгирмаа” гээд олон сайхан дуу дуулна. Одоо ч би энэ дуунуудыг тэр үед надад тогтсоноор нь, яг л тэр үеэр нь дуулдаг. Түүнээс хойш олон жил өнгөрч. Би их айхтар томроогүй, айхтар жижгэрээ ч үгүй. Айхтар юмтай ч болоогүй, айхтар юу ч үгүй болоогүй ийм л хүн. Харин тайзгүйгээр бол амьдарч чадахгүй. Ерөөс дуулах л гэж төрсөн юм шиг байгаа юм. Одоо хүртэл би тоглолтоо хийгээд явж байна. Ирэх жилээс том ач маань оюутан болно. Түүний төлбөрөөс төлөлцөх гээд надад бас асуудал бий. Миний хүү улсын байгууллагад ажилладаг. Цалин бол хүрэлцэхгүй талдаа. Тиймээс би бас хурааж хумих хэрэгтэй. Улсууд шиг хэтэрхий ихээр хурааж, дэлхий дүүрэн мөнгөтэй болох сон гэж бодохгүй. Монголчууд  дүүрэн дунд гэж ярьдаг шүү дээ. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байх нь надад гоё.Айхтар их мөнгөтэй байх нь миний хувьд хэцүү зүйл.

-Сургуулийн урлагийн үзлэг, сургуулийн тайз таных байсан уу?

-Үгүй ээ, их бүрэг, туранхай хариугүй охин байсан. Миний ах Шагдарсүрэн бид хоёр нэг ангийн хүүхдүүд.Бид ганцхан насны зөрүүтэй, нэг ангийн, нэг ширээний хоёр. Манай ах самбарын өмнө гарч дуулаад онц аваад сууна. “За Чимэдцэеэ самбарт гар” гэхэд миний яс, үс хавталзаж байж арай гэж самбарт гараад, нулимсаа асгаж, уйлж аваад муу авдаг хэцүү охин байв. Сургууль төгсөөд ах маань хот руу сургуульд явж, би мал дээр гарсан юм. Ах Гадаад явдлын яаманд олон жил ажилласан, дипломатч хүн, одоо тэтгэвэрт гарсан. Тэр үед нэг айлын хоёр хүүхдийн нэгийг явуулж, нөгөөг үлдээдэг байсан юм.

Ингээд би 1974 онд нэгдлийн суурийн ахлагч боллоо.Тухайн үед нийгэм нь хүнд, их эрт хариуцлага үүрүүлдэг байж. Дөнгөж 16 настай суурийн ахлагч болгоод, би нэг хаваржин хонь тойглосон. Хонины ээлжтэй хүмүүс өөр өөрийн гараанд мэндэлсэн хонь, хургаа авхуулах ёстой ч манай суурийнхны тухайд хонь хургаа голсон л бол би тойглодог болсон. Миний хоолой Хайлантай гэдэг газар тэгж задарсан. Анх эхээс мэндэлсэн газар маань бол Хоолойн бууц гэж  одоо ч манай нутагт  бий. Юм гэдэг их учиртай, дандаа уялдаатай байдаг. Тэр хавар суманд урлагийн үзлэг болж, намайг сумын төвөөс, Улаан булангийн эрхлэгч дуудуулсан байв.

Манай нутгийнхан сайхан хоолойгоор хонь тойглосон хүний хонь, хурга эх үр болохдоо их амархан гэж ярьдаг. Манай ээж бол ганц, хоёр тойглоод хурга авахуулдаг хүн байсан. Тэгээд Хайлантайн амаар нэг яриа гарсан  шиг байгаа юм. “Шарын бүсгүй дуучин болох нь, хонь сайхан тойглож, хонь нь эх үр болохдоо амархан байна. Дуучин болох хүн ийм байдаг” гэж ярьцгааж. Тэр нь сумын клуб, Улаан булангийн эрхлэгч Дандар гуайд дуулдаж, би анх тайзан дээр гарсан юм. Тэр үед өөрөө дуу сонгоно гэсэн ойлголт байхгүй. Удирдамж нь ийм, “Жаахан шарга”-ыг дуул л гэсэн. Ээж минь аргалд явахдаа “Жаахан шарга”-ыг дуулдаг байсан юм. Тэр үед бас Монголын радиогоор “Жаахан шарга”-ыг домогтой нь, домгийг нь ярьж, олон бадгаар дуулахыг нэг удаа сонсож байсан юм. Сонсгол сайтай учраас чихэнд хоногшсон байж. Тэр үед жаахан байсан учраас хэн гэж дуучин дуулж байгааг мэдээгүй. Одоо бол Лхамжав багш юм. Тэгж л анх тайзнаа гарсан даа.

-Хот руу олон ч удаа дуудагдсан гэдэг юм билээ. Хотод ирэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Хотод ир  гэж дуудах үе олон байсан. Би Сүхбаатарт төрж, өсөж, тэнд Монгол Улсын гавьяат цолоо ч авсан. Хөдөө нутаг  сайхан шүү дээ. Дууг утгажуулж дуулна гэдэг хамгийн тансаг. Дууны үг, үгийн  эгшиг, гийгүүлэгчийг тааруулан дуулж байж дуу хүнд хүрдэг. Хөдөө байсан хүний хувьд дууг утгажуулж дуулахын арга ухаанд суралцсан. Хөдөөгийн театрынхан дуугаа дуулна, ятга, хуучир тоглоно, драмын жүжиг гээд бүгдэд оролцоно. Өдий зэрэгт хүрэх эх сууриа би тэнд тавьсан хүн. Чамайг харахад их хол, юунд ч автахгүй хүн мэт харагдаж болох ч би маш эмзэг хүн.Ээж минь 1993 онд бурхан болсон. Хүнд чинь хэцүү мөч ирдэг юм билээ. Ээж байхгүй болоход л надад тэнд алхах, гишгэх газар олдохгүй болсон юм шиг санагдаж, яагаад ч юм хүнээс зугтаадаг болсон.Тэгээд хот руу оръё гэж шийдсэн. Тэр үед гайгүй дуулдаг байсан юм шиг байна. Намайг чуулга авъя гэсэн. Н.Энхбаяр дарга чуулгын Дорж даргыг дуудаад “Энэ хүнийг ав, байр өг” гэж байсан. Гэхдээ би чуулгыг сонгоогүй.

-Гарын шавь олонтой юу?

-Олон сайхан шавь бий. Одоо багшлаад, Эрдмийн их сургуульд профессорын баг ахалдаг.

-Хэн нэг дуучнаас өөрийнх нь өнгө, темп гарахад дуучид дуртай байдаггүй байж болох юм. Гэхдээ Норовбанзад, Түмэндэмбэрэл гэх мэт цаг үеийг эзэлж асан өвөрмөц хоолойтой дуучдын орон зай үгүйлэгдсээр л байдаг. Таны хоолой таны шавь нараас сонсогддог уу?

-Би тийм харам хүн биш. Хүн чинь өөрийгөө үлдээх гэж багшилдаг. Шавь нарын хоолойн өнгө минийхтэй ижил гарч л байвал би баярладаг. Ижил дуугарвал баярлана гэж жигтэйхэн. Миний шавь нарын бүтээлийг сонсоорой. Улаанбаатар чуулгын Анхчимэгээс эхлээд бараг бүх аймагт шавь нар минь бий. Би тэднийгээ сургууль төгсгөсөн, одоо болсон гэж орхидоггүй, насан турш л дагуулахыг хичээдэг.Тэгж л багш болно. Миний багш Норовбанзад гуай. Би яг багшийгаа дуурайсан юм билээ. Манай багш “Хүн ээж, аавыгаа дуурайдаг гэдэг нь худлаа, ихэнхдээ багшийгаа дуурайдаг” гэж хэлдэг байсан юм. Үнэхээр ч багшийн ааш араншин, тайзан дээр ч, амьдрал дээр ч биеэ авч явах байдал, өмсөж зүүх хувцасны соёл, хоолойн өнгө гээд бүх зүйл тодорхой хэмжээгээр өвлөгдөж үлдсэн байх юм билээ.

-Нутаг бол хүнтэйгээ амь нэг байдаг гэж ярьдаг.Та ч Дарьганга, Алтан-Овоо руу их явдаг. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?

-Үнэндээ тийм. Алс явах тусам Алтан-Овоо минь намайг их хардаг. Ер нь дуу, дуучин хоёр нутгаа дуурайдаг гэсэн хуучны айхтар үг байдаг. Би нутагтайгаа адилхан, нутаг минь надтай адилхан л гэсэн үг. Нэг мэдэхэд л нутгаа зүүдэлчихсэн байдаг юм. Хотод арай болохгүй юм. Зуслан дээрээ бол би өглөө бүр Алтан-Овоондоо цацал өргөдөг.Хамгийн сүүлд Алтан-Овооны Төрийн тахилгаар очиж, шинэ дуугаа дуулсан. Улсууд их баярласан. Яруу найрагч Ишийн Батсүхийн “Өвгөдийн оршсон нутаг” гэж сайхан шүлэг бий. Тэр шүлгийг би залуудаа сонсох их дуртай байсан. Хүмүүсийн сонсох дуртай шүлэг л дээ. Тэр шүлэгт манай нутгийн залуу Р.Билэгт ая хийсэн юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.161.23) 2023 оны 09 сарын 08

HOOE ERGUU SURBALJLAGCH AA ZABAAN BANZAL ABGAIG MONGOLCHUUD YASAN GEJ SHUTDEG YUM BE.AIL GET UIMUULSEN BALIAR ZABHAI YUM

0  |  2
Zochin(66.181.161.23) 2023 оны 09 сарын 06

AIL GER UIMUULSEN ZABAAN ABGAI.HUULI MEDEED L HORG TABIA BIZ.

0  |  1
Бүдүүлэг хүмүүс(2.212.27.253) 2023 оны 09 сарын 05

Энэ хоёр хоёулаа ёс суртахуунгүй хүмүүс байна. Хоёулаа явдалтай бөгс бөөрний хэрүүл уруул энд бичих шаардлагагүй л болов уу.

0  |  0
Мнгл(202.55.188.94) 2023 оны 09 сарын 05

Дорд юмнууд хэзээд дорд бх юм аа даа... эд нарын бөгс бөөр хөрөнгө мөнгө нь хэнд ч сонин биш биз дээ заваарсан юмнууд

0  |  0
зочин (103.57.95.203) 2023 оны 09 сарын 05

Ичээч энэ нэг эмгэн

0  |  0
зочин(66.181.191.43) 2023 оны 09 сарын 03

хүний нөхөр салгаж суучихаад амьдарч чадсангүй,ханилж явсанаа хэнээр ч хамаагүй муулуулаад,өөрөө ариухан ч юм шиг,үйлийн үр хаалга андуурдаггүй,р,цэцгээ та 2 мэдэж ав

0  |  0
зочин(103.242.47.230) 2023 оны 09 сарын 03

Энэ эр хүн байж яасан новшийн амьтан бэ Чи ч гэж чи юмдаа эгч минь бас авгай хүүхдээс нь салгаж суугаад сайхан байсан байлгүй дээ Баясгалангийн ээжийг хаяд дахиад хэд хэдийг солисон амьтан гэсэн хүн тоомооргүй эр байх юм хөгшин хүүхнүүдэд нөгөөдөх нь гайгүй байсан байхдаа чаваас гэж

0  |  0
Ард(43.242.243.245) 2023 оны 09 сарын 06

Зөв хүнтэй ханилахгүй бол зүгээр мөрөөр чинь байлгахгүй гай болдог цаг үед амьдарцгааж байгаагаа сайн мэдэрцгээ...

1  |  0
Zochin(202.126.89.178) 2023 оны 09 сарын 06

Ха3 зөнөж үхэх гэж бгаа 2 п энэ бузар хэрүүлээ нийтэд дэлгэж муу үлгэр дууриал бүү үзүүл бөгс бөөрний донтонгууд одоо та 2 н хоолоо гэж хошного хэн ч сонсохгүй зайл

0  |  2
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 06

arxichin obgon arxichin emee 2 zugeerl boly

0  |  4
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 06

arxichin obgon arxichin emee 2 zugeerl boly

0  |  4
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 08

arxichin obgon arxichin emee 2 zugeerl boly

1  |  4
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 08

arxichin obgon arxichin emee 2 zugeerl boly

1  |  3
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 08

arxichin obgon arxichin emee 2 zugeerl boly

1  |  3
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 06

emgen obgon 2 odoo bolychik

0  |  2
Ц(66.181.190.145) 2023 оны 09 сарын 06

Хүн алдаж бж ухаан суудаг юм билээ.ид өвлөөр хүүхдээ аваад хадмын хаяанаас хамаг юмаа орхин нүүсэн..хүний мөс чанарыг эрт мэдсэндээ баярладаг даа..гэнэн бждээ

5  |  0
Эмээ(103.57.94.185) 2023 оны 09 сарын 06

Муу хань насны гай, Муу идэш жилийн гай гэсэн ардын үг байдаг. Тийм болохоор хүн ер нь хашир байх хэрэгтэй.

6  |  0
ҮЛ ТААЛАГЧ(103.57.93.135) 2023 оны 09 сарын 06

Зальтай барзгар нүүртнийг хамгаалдаг авилгач шүүх байхад эрс шулуун шударгадуу дуучинг өмгөөлөх түмэн олон бас бнаа. Ард нь ар гэр амьдрал нь байхад нэр төртэй дуучин руу очиж гэнэдүүлж эд хөрөнгөнд нь шунасан барзгар авилгаар л цол хэргэм нтр-ийг аваа биз дээ гэж ойлгосон.

3  |  0
Эгэл(103.57.93.253) 2023 оны 09 сарын 03

Ажлаа хийдэггүй чадваргүй хүний балаг их ээ,ядахдаа хариуцсан ажлаа хийж сурахсан. Эргэцүүлж боддоггүй хүмүүс дуусч байж улс хөгжих байх даа.

1  |  0
zochin(49.97.9.151) 2023 оны 09 сарын 08

ene emgen ymar nugel hiisen yum boldoo alham tusandaa zovlon yarij yavah ih l nugel hiisen hun yum aa daa hund buyn hiij yavaj bai amdral urgelj bodson chig baidgui daa harin zovlong hun daaj yavdag jam chaltgaangui baihad eldev yum bosohgui ezen hund asuudal ih bna daa

1  |  6
Дан худлаа шаанааа (202.126.90.139) 2023 оны 09 сарын 09

Энэ эмгэнийг одоо болио. Цаанаа шал өөр түүх шүүх дээр яригдсаан. Ичиж үхээчээ . Чи ганцаараа амтай юм уу. \nОдоо бүр арай дэндлээ. \nБалай банзал эмээ булайг чинь урлаг даяар ярьдаг шүү

1  |  9
Top