Японы "Надешико" нар төгс төгөлдөрийн жишээ болж байна

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

Австрали, Шинэ Зеландад болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 9 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд тун сонирхолтой, мөн дуулиан шуугиантай үргэлжилж байна.

Анх удаагаа шилдэг 32 баг найман хэсэгт хуваагдан тойргоор тоглож буй бөгөөд хэсэг тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн , нийт 16 баг хасагдах шатанд тоглоно.

Одоогоор "А", "В", "С" хэсгийн тоглолт дуусаж , Швейцарь, Норвеги, Австрали, Нигери, Япон , Испанийн шигшээ багууд хасагдах шатанд шалгараад байна. Шилдэг 16-ийн тулаанд Швейцарь-Испани, Япон-Норвеги гэсэн оноолт ч хэдийнээ тодорхой болсон.

Тэмцээнийг зохион байгуулагч хоёр орны нэг Шинэ Зеландын баг Филиппинд хожигдсоныхоо "гороор" хэсгээсээ шалгарах сайхан боломжоо үгүй хийсэн бол "Токио-2020" олимпийн аварга Канад бүсгүйчүүд шийдвэрлэх тоглолтод "Матильдас" хочит Австралийн багт 0:4-ээр бут ниргүүлэн, дэлхийн дэвжээг дэндүү эрт орхихоос өөр аргагүй боллоо.

Тэгвэл 2011 оны дэлхийн аварга, 2015 оны мөнгөн медальт Японы бүсгүйчүүд үнэхээрийн бахдам тоглолт үзүүлсээр байна. Хэсгийн тэргүүн байрыг шийдэх сүүлчийн тоглолтод "Надешико" ( Японы эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн хоч) Испанийн хүчтэй багийг 4:0-ээр давамгайлсан.

Надешико нар хэсгийн тоглолтод 3 тоглолт хийж, 3 хожин , 11 гоол оруулж, хаалгандаа ганц ч гоол алдаагүй 100 хувийн төгс амжилт үзүүлээд байна.

Аргагүй ээ, "Надешико" гэдэг нь хэдийгээр цэцгийн нэр боловч японы төгс төгөлдөр эмэгтэй хүнийг илэрхийлэх утгатай бөгөөд гоо үзэсгэлэн, эелдэг даруу, тэвчээртэй, энэрэнгүй, үнэнч, нинжин сэтгэл, буянтай энэ бүгдийг багтаасан бэлгэдэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top