ОЛОН ӨНГӨ | Нарны хор

2023 оны 06 сарын 29

Ойрын өдрүүдэд 30 хэм хүрч, говийн аймгаар 40 хэм хүртэл халж байна. Хүн малгүй харангадаж унамаар ийм аагим халуунд настан буурлууд, нялхас хүүхдүүд гадаа гарахын ч хэрэггүй. Ялангуяа даралт өндөртэй хүмүүс, бие давхар ээжүүд аль болох гэртээ байсан нь өлзийтэй.

Нарны хоронд наршсан хүнийг хэт хүйтэн эсвэл хэт халуун юм уулгаж болохгүй гэдэг. Харин наранд бүлээссэн усаар өулха3 шавшиж хорыг хороор дардаг юм гэж настайчууд хэлдэгсэн. Наршсан хүүхэд андашгүй. Дээш, доошоо шингэн алдаж тамирдан толгой нь өвдөнө. Хэдий үүлэрхэг өдөр ч өдрийн цагаар нарны хор байж л байдаг болохоор ээжүүд хүүхдээ агаарт өглөө 12 цагаас өмнө, орой 18 цагаас хойш гарах нь тохиромжтой.

Өдрийн халуунд зайлшгүй гарах шаардлагатай бол малгайгаа норгох, нойтон алчуураар шилэн хүзүүгээ ороох, шүхэр, уух зүйл авч яваарай. Мөн нарны тосыг байнга түрхэж хэвшвэл арьс түлэгдэх, амархан хөгширч үрчлээтэхээс сэргийлнэ. Амьдралыг тэтгэгч алтан нар зарим талаараа энэ мэт хор уршиг үзүүлдэг гэдгийг сануулахад гэмгүй биз ээ. Зарим гантай жилд шатам халуунд хуурай өвс мод хүртэл нарны илчинд ноцон гал түймрийн аранга болдог шүү дээ. Нартай өдөр сайхан ч зуны гаслам халуунд  сэнгэнэсэн салхи, сэрүүн өвлийг ч мөрөөсдөг нь хүний  араншин юм даа.

А.СҮГЛЭГМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top