Харь гаригийн хүн Виктор Вембаньяма

2023 оны 05 сарын 23

Энэ зун НБА-д маш авьяаслаг нэгэн европ залуу ирэх нь тодорхой болоод байна. Драфтын нэг номер болох нь ойлгомжтой 18 настай энэ залууг Виктор Вембаньяма гэдэг. Виктор гэж хэн болох, яагаад түүнийг НБА-гийн бүх баг авахыг хүсэж, мөрөөдөж байгаа талаар ярилцъя.

 

 

Виктор 2004 оны нэгдүгээр сарын 4-нд Парис хотын захын дүүрэгт төржээ. Аав ээж нь тамирчин байсан хүмүүс. Аав Феликс 200 см өндөр, уртын харайлтын тамирчин бол ээж Элоди 192 см өндөртэй, сагсан бөмбөгч байжээ. Элодигийн ээж, аав нь мөн сагсан бөмбөгч байсан гэхээр удмын сагсчин байх нь Виктор. Дөрвөн настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн ч Виктор жүдо, гандболоор хичээллэж, хөлбөмбөгийн хаалганд зогсож байжээ. Одоо тэр Францынхаа лигийн Метрополитан багт хүчин зүтгэж байгаа.

 

 

Вембаньяма Францын лигийн хамгийн онцгой тоглогч. 18 настай ч 223 см өндөр, маш урт гартай, алдлахад 243 см. Хамгаалалт сайн, шидэлттэй, өндөр нуруу, урт мөч, тэнцвэр, хууралт гээд НБА лигийн бүх шаардлагад нийцэж байгаа түүнийг Стефен Карри, Леброн нар ч онцолж байгаа. Хамгийн гол нь тэр өссөн хэвээр л байгаа юм.

Карри “Викторыг NBA 2K тоглоомд зориулан, тусгайлан бүтээсэн мэт санагддаг”

Жеймс “Тэр харь гаригийн хүнтэй илүү төстэй. Ийм өндөр хүн талбай дээр ийм ганган сайхан хөдөлж байхыг би өмнө нь харж байгаагүй. Виктор бөмбөг залалт, эзэмшилт сайн, даллаж шиднэ, холоос шиднэ, хаалт тавихдаа гарамгай. Хамгийн гол нь гэмтэж л болохгүй”

 

 

Яннис Адетокунбо “Үнэхээр гайхалтай тоглогч. 2045 онд бүгд Виктортой адилхан болно гэж би итгэдэг. Өндөр мөртөө маш хурдан, хаалт тавихдаа сайн”

Кевин Дюрант “Сагсан бөмбөг хэрхэн хөгжиж байгааг хар л даа. 223 см өндөр залуу талбай дээр бүхнийг хийж чадаж байна. Би түүнийг НБА-д тоглож байхыг хурдан хармаар байна”

Руди Гобер “Франц улс ийм залуутай байгаадаа баярлах хэрэгтэй. Би түүнийг 13 настайгаас нь мэднэ. Тэр залуухан ч юунд хүрэхийг хүсэж байгаагаа сайн мэддэг, ойлгодог”

 

 

Эдриан Воджнаровски “Вембаньяма лигийг хэдийн өөрчилж эхэлсэн. Түүнийг авсан баг тэр дороо 500 сая ам.доллароор үнэ нь нэмэгдэнэ”

Дэлхийн оддын энэ магтаалд Диктор тун даруухан хариулсан. “Мэдээж, алдартнуудад магтуулахад сайхан, нэр төрийн хэрэг. Гоё байна, гэхдээ би ямар ч амжилтад хүрээгүй байгаа шүү дээ”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төгс(103.26.194.202) 2023 оны 05 сарын 25

энэ гсайн тоглло гэрэд гианнистайл адилхан болно.Хол нь тийм ч урт биш юм бн

0  |  0
Top