ОЛОН ӨНГӨ: Драмын театрын зогсоол ба газрын наймаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 13

Монгол Улсад ганцхан байгаа Улсын драмын эрдмийн театрын урд хэсгийг автомашины төлбөртэй зогсоол болгоод овоо хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Харин сүүлийн өдрүүдэд тухайн зогсоолыг болиулж, түүний оронд сайхан тохижуулна гэсэн өнгөлөг зураг цахим орчноор явж буйг уншигч та харсан байх. Мэдээж тогтсон уламжлалын дагуу манайхан хоёр тал болоод үзэл бодлоо уралдуулж, хэрэлдэж маргаж байна.

Машинтайгаа очоод хаана байрлуулах вэ гэсэн нь их байсан. Үнэхээр ч тэр хэсэг машин тавих нь бүү хэл явган зорчиход хүндрэлтэй байшин ширэнгэ болсон газар л даа. Гэтэл УДЭТ уг нь ингэж машины зогсоолхон ярьж, иргэд нь талцаж хэрэлдэхээргүй газартай байсан. Харамсалтай нь өнөөх л ил далд хулгай луйвар, газрын наймаагаар ихэнх газар нь бусдын өмч болж, олон давхар барилгууд сүндэрлэсэн. Одоо бараг улаан байшингийнх нь доод талын болоод маргаан үүсээд байгаа үүдний энэ хэсгийн газар л үлдсэн байх.  

Засгийн газрын тэргүүн нийслэлд үүрлээд буглаж идээлээд удаж буй газрын наймааг цэгцэлнэ хэмээн мэдэгдсэн. Үнэхээр ингэж чадаад үүндээ УДЭТ-ын газрыг буцаан авчихвал сайн хэрэг. Харин нэгэнт баригдсан байшин барилгуудыг хэрхэх вэ гэдэг асуудал. Үгүй бол улсдаа байгаа ганцыгаа өөр тийш нь шилжүүлж шинээр барих хэрэгтэй. Ингэхдээ олон улсын стандартад нийцэхээр талбай, машины зогсоол, өөр бусад хэрэгтэй зүйлсийг нь давхар шийдэх учиртай. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top