Ялалтын баяр цомхон болж, Путин БАРУУНЫХНЫГ БУРУУТГАВ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Аугаа эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баярын уламжлалт жагсаал өчигдөр Улаан талбайд боллоо. Энэ жилийн ялалтын баярын арга хэмжээ урьд жилүүдийнхтэй харьцуулахад цомхон хүрээнд болсон юм.

Энэ жилийн Ялалтын баяр нь тэгш ой биш учир Улаан талбайд болсон жагсаалд гадны орнуудын удирдагчид, зочид төлөөлөгчдийг олноор уриагүй. Баярын арга хэмжээнд Беларус, Казахстан, Тажикистан, Туркменистан, Киргиз, Узбекистан, Армены удирдагч нар оролцов.

Өчигдөр болсон баярын жагсаалд 8000 орчим цэрэг оролцсон талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн 2022 онд Ялалтын баярын жагсаалд 11 мянган цэрэг оролцож байсан билээ. Мөн Москва хотод цаг агаар хэвийн байсан ч агаарын нисэх хүчний уламжлалт үзүүлбэр болсонгүй. Түүнчлэн ОХУ-ын 21 хотод Ялалтын баярын уламжлалт жагсаалыг цуцалсан байна.

Улаан талбайд болдог сүрт жагсаалаар орчин үеийн цэргийн техникээ харуулдаг ОХУ энэ удаад хуучны T-34 танкаа үзүүлэв. Орчин үеийн цэргийн техник, танкийн жагсаал болон нисэх онгоцны үзүүлбэр болсонгүй.

Дайнд амь үрэгдсэн төрөл төрөгсдийнхөө дурсгалыг хүндэтгэн, үр хойч нь зургийг нь барин жагсдаг “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээ Оросын зарим хотод болоогүй аж. Харин дэлхийн 10 улсад энэхүү уламжлалт жагсаал болсны нэг нь Монгол Улс юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд болсон жагсаалыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр хүн төрөлхтөн шийдвэрлэх эргэлтийн цэгтээ дахин ирээд байна. Манай эх орны эсрэг жинхэнэ дайн эхлээд байна. Барууныхны хязгааргүй амбиц, дээрэнгүй зан, хариуцлагагүй байдал нь Украины хямралын гол шалтгаан юм” гэлээ. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсан ялалтаа Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбон тайлбарлав.

Путин үгээ төгсгөхдөө Украины фронтоос Ялалтын баярын жагсаалд ирж оролцсон дайчдадаа талархал илэрхийлжээ.

Москвад ялалтын баярын жагсаал эхлэхээс хэдхэн цагийн өмнө Оросын талаас Украин руу 25 ширхэг далавчит пуужин харвасан байна. Украины цэргийнхэн пуужингуудын 23-ыг нь устгасан талаараа мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины талаас Кремлийн зүг хоёр дрон нисгэснийг ОХУ-ын холбоотон орнууд шүүмжилж, террорист ажиллагаа гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн юм. Тус дронуудыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдах гэсэн оролдлого ч гэж тайлбарласан.

Тэгвэл Оросын талаас довтолгоогоо дахин эрчимжүүлж, Донецк мужийн Бахмут хотыг бүрэн эзлэхээр хүч гаргаж байгаа гэх.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын өдрийг тавдугаар сарын 9-нөөс тавдугаар сарын 8-нд шилжүүлэх шийдвэр гаргаж, өчигдөр Европын өдрийг тэмдэглэх тушаал гаргажээ. Зеленский энэхүү шийдвэрээ “Нацист Германы арми 1945 оны тавдугаар сарын 8-нд Берлинд бууж өгч байсан” гэж тайлбарласан байна.

Украины Ерөнхийлөгчийн шийдвэрийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова шүүмжилж “Энэ бол нацизмын эсрэг дайнд амиа алдсан украин хүмүүсээс урваж буй хэрэг юм” гэв.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин улс Дэлхийн хоёрдугаар дайнд хүн амын тоотой нь харьцуулвал ОХУ-аас илүү хохирол амссан билээ. Украинд Ялалтын баярыг тэмдэглэхийг хориглосон ч Киев хотын иргэд Аугаа эх орны дайны хөшөө дурсгалуудыг хүндэтгэн цэцэг өргөсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат Хаан(202.131.225.242) 2023 оны 05 сарын 11

Путин гэж өөрөө уначихаад буруугаа бусдаас хайж байна. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орныг эзлэх гэж дайрсан байж яаж түүнийг бусдын буруу гэж хайж байдаг. Манай нутгаас Оросууд олон удаа дээрэмдэж авсан - ахиж тийм үйлдэл хийхгүй гэсэн баталгаа Оросуудад байхгүй. Орж ирэх юм бол бүгдийн шаана

1  |  1
Top