ОЛОН ӨНГӨ I Нөмөр нөөлгө

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Сайнаасаа саар нь, сайхнаасаа муу нь их тохиолддог болсон орчлон. Тэр бүхнийг хүн гэдэг амьтан бусдынхаа илч гэрэл, сэтгэлийн сайхан, нөмөр нөөлгөөр даван туулдаг жамтай ажгуу.

Харин сайныг нь дагачхаад саар дээр нь алга болдог нь олон болсон хорвоо гэнэ. Ийм тиймхэн мэдээлэл, барим тавим ярианууд өнөө гарч л байна. Гэвч дуунд гардаг шиг хүний сайхан орчлон шүү дээ. Тиймээс л бие биедээ нөмөр болж, ухааных нь царааг гэрэлтүүлж явах нь хүний нэгэн сайхан чанар мөн гэж сэтгэнэм.

Үйлийн үр хаалга андуурдаггүй гэсэн үгсийг өнөөдөр захын хүний амнаас сонсож болно. Харин үйлийн үр гэж чухам юу, үйлс сайтай байхын мөн чанар нь хаахна байдгийг мэддэг нь цөөхөн ажээ. Чадахгүй, мэдэхгүйтэйгээ хүн учрах нэгэн цагт өөр. Гэвч чадашгүй, мэдэшгүйтэй учрах гэгч нь хахь ондоо бөлгөө. Тиймээс л эрийн хийморь, нөөлөг нөлөө гэгч яриа гарсан ч биз. Үнэхээр чиг л багшийн минь багшийн хэлснээр ганц сайхан үгээр дутаж яваа хүнд түүнийг нь олж хэлэх сэтгэлийн тэнхээгүй, эр зориггүй болоо юу даа. Харамсалтай нь хүн бүрийн амьдралд ямар нэгэн хэлхээгээр нөмөр нөөлөг хэрэгтэй л болдог доо. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top