АСГАТ: Батлагдсан нөөцийг 3 дахин өсгөсний дараа галт тэрэг хөдөлнө

2023 оны 03 сарын 30

Засгийн газар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталснаа өчигдөр мэдээлсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр  дүрэм шинэчлэгдсэнээр “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг дангаараа хэрэгжүүлэх боломж нээгдэж буй аж. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг дангаараа эхлүүлэх боломжтой боллоо гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн шийдвэрээр Асгатын мөнгөний орд “Эрдэнэс Монгол”-д шилжиж, тухайн жилийн цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг өгч байсан билээ. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд Асгатын мөнгийг  ачих галт тэрэг хөдлөөгүй өнөөдрийг хүрсэн. Сүүлийн мэдээллүүдээс үзэхэд, тус ордын батлагдсан нөөцийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх талаар арга хэмжээнүүд авах биз ээ. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн "Зэс, металлын групп"-ийн дарга Х.Бадамсүрэн өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсөн мэдээлэлдээ, Асгатын ордын батлагдсан нөөц 6.4 сая тонн байна. Энэ ордыг бид цааш нь хөдөлгөх талаар санал гаргасан, удахгүй “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “1996 онд Асгатын ордын баталгаажсан нөөц нь 6.4 сая тонн, боломжит нөөц нь 22 сая тонн гэж батлуулсан байдаг. Иймд яамнаас “Эрдэнэс Монгол” ХХК-д 22 сая тонноо баталгаажуул гэсэн чиглэл өгсөн гэсэн юм.

Тэгэхээр Асгатын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК батлагдсан нөөцийн хэмжээг гурав дахин өсгөж, баталгаажуулахад чиглэсэн арга хэмжээг ойрын хугацаанд авах нь.

Сануулахад,  өнгөрсөн оны гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай танилцуулгыг Засгийн газрын  хуралдаанд хийж байсан. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны  гуравдугаар сард  Баян-Өлгий аймагт ажиллахдаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх, ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авахад,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжсэн байдаг. Түүнчлэн Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм.

Асгат бол хуулийн хүрээнд стратегийн орд газар. Ашигт малтмалын орд газруудыг стратегийн гэж ялгаж, салгах нь буруу гэх байр суурийг илэрхийлэгсэд бий. Мөн нөгөө талд стратегийн ач холбогдолтой орд гэх ойлголт нь уул уурхайн салбар дахь төрийн оролцоог зохицуулах зохицуулалт гэдгийг хэлэгсэд цөөнгүй. Газрын доорх баялгийн өгөөжийг нийт олноороо хүртэх эрх Үндсэн хуулиар олгогдсон тул хоёр дахь ойлголтыг олонх илүү дэмждэг гэхэд болно. Тэгээд ч хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан байдаг. Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэнэ гэж тодорхойлсон  байдаг.

Асгат орд өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд оршдог учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Энэ бол тус орд эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын эхэнд бичигдэнэ. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсаар ирсэн. Ордыг ашиглах чиглэлд манайх Оросуудтай нийлэн анхаарч ирсэн баримтууд бий. Тухайлбал, Оросууд Асгат ордыг ашиглах зорилгоор Монгол, Оросын хил дээр Асгатын суурин гэж тосгоныг байгуулж байсан юм. Тэгэхээр Асгатын мөнгийг уулнаас буулгах хүсэл сонирхол хойд хөршид байдаг байсан нь тодорхой. Асгатыг стратегийн ордуудын жагсаалтаас хасах тухай санал ОХУ-аас ирсэн талаарх мэдээлэл 10  жилийн өмнө дэгдэж байсныг сануулъя.

2016 оны сонгуультай зэрэгцэн “Эрдэнэт”-ийн 49 хувь ”Монголын зэс” корпорацийн мэдэлд очсонтой мөн л зэрэгцэн Асгатын орд Худалдаа хөгжлийн банкных боллоо гэх асуудал дэгдэж байсан билээ. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хамт “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувь “Монголын зэс”-д очсон уу гэх асуудал анхаарал татаж байв. Учир нь  Асгат  ордын тусгай зөвшөөрөл Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд байсан юм.

Өнгөрсөн жилүүдэд Асгатын ордтой холбоотойгоор яригдаж ирсэн асуудлуудаас дурдахад,  “Бороо гоулд” “Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй. Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Асгатын ордыг түшиглэн уурхай, баяжуулах фабрик, металлургийн үйлдвэр, 15-20 мвт-ын дулааны цахилгаан станц барьснаар 1000 гаруй хүн ажлын байртай болж, жилд 300-500 мянган тонн хүдэр боловсруулахад (зэс, мөнгө, бусад дагалдах элемент) ихээхэн ашигтай ажиллах тооцоо олон жилийн өмнө гарч байсан.  Асгатын ордын хүдрийн бүс биетүүдийн байршил нь зөвхөн далд аргаар бус, ил аргыг ч хэрэглэх боломжтой тул өртөг зардал хямдруулах боломжийг олгож байгаа тухай ч мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.75.220) 2023 оны 03 сарын 30

Машин техник бүү хэл хүн, мал адгуус ч очиход бэрх замтай гэж сонссон юм байна, их л хүндрэлтэй байх болов уу,

0  |  0
Зочин(66.181.161.22) 2023 оны 03 сарын 30

Нэг гахай л сар шинээс өмнө хөдөлгө гэж уухилаад олны инээд хүргээд байсан даа. Асгатын мөнгөний орд бол Ман-н олон нийтийг хуурдаг үзүүлэн төдий л юм. Энэ ордын нэрээр томоохон луйвар хийсэн нь хожим ил болох биз ээ.

1  |  0
Top